Саяхан болсон Сэлэнгэ аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны үзүүр, түрүү булаалдах үеэр учраа бөхөө гэнэдүүлж, барьцгүй байхад нь өвдөг шороодуулсан үйл явдал болсон нь олон хүний эсэргүүцэлтэй тулгараад буй. Тэгвэл энэ үйл явдлын талаар Монгол Үндэсний бөхийн холбоо өнөөдөр мэдэгдэл гаргаж, "шинээр цол авсан дээрх бөхийн цолыг аймаг цэргийн цолтны эрэмбэд тооцохгүй" гэж мэдэгдлээ.
ВИДЕО:
Монголын Үндэсний бөхийн холбооны мэдэгдэлд:
"Сэлэнгэ аймгийн баяр наадмын үзүүр, түрүүний барилдаан "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн 4.6.6-д "засуул барилдааныг түр зогсоох үед, эсхүл учраагаа өмсгөлөө засаж байхад болон барилдаан удааширсан үед барьц бариулж байхад мэх хийж унагах тохиолдолд дахин барилдуулна" гэсэн заалтыг зөрчсөн барилдаан болсон байна.
Иймд дээрх барилдааны үр дүн буюу шинээр цол авсан дээрх бөхийн цолыг ҮИБНТХууль, ҮИБНҮБөхийн барилдааны дүрэмд заасны дагуу аймаг цэргийн цолтны эрэмбэд тооцохгүй болно.
Жич: Уг барилдаантай төстэй барилдаан 2021 онд зохион байгуулсан 512 бөхийн барилдааны тавын даваанд болж, Хөлийн цэцүүд хоёр бөхийг дахин барилдуулахаар шийдвэрлэсэн боловч өвдөг шороодсон бөх татгалзаж байсан болно" гэжээ.