Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан нарын 40 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа эцэслэн баталж, тус өдрөөс эхлэн хууль хэрэгжиж эхлээд байна.
Энэ хуулийн өөрчлөлтөөр Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэх зохицуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хуульд тусгасан юм.
ВИДЕО:
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Улсын их баяр наадмын өмнө УИХ онцгойлсон нэгэн хуулийг баталсан. Тус хуулиар Монгол улсад Ардчилсан хувьсгал үүсгэн байгуулагдсаны ойг бусад баяруудтай хамтатган тэмдэглэдэг боллоо. Үндэсний баяр наадмын тухай хуульд бол Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгалын ой гэж тэмдэглэдэг байсан бол Ардчилсан хувьсгалын ойг хамтатган тэмдэглэдэг болж байна. Энэ бол маш чухал асуудал.
Монгол улс Ардчилсан хувьсгалын он жилүүдэд тусгаар улс болж чадсан. Мөн иргэд өөрийнхөө эрхийг хамгаалдаг болсон. Хамгийн тусгаар Монгол улсаа дэлхий нийтэд тунхаглан зарласан он жилүүд юм.
Энэхүү хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн Б.Жаргалан болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд талархаж байна. Ардчилалд хайртай бүх хүн хүлээж байлаа шүү дээ. Дэлгэр Монголын дөрвөн зүг найман зохисоос цугларч Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байгаа нийт ард түмэндээ Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Та бүхэн сайхан наадаарай” гэв.