Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ОБЕГ-ын Шуурхай штабт ажиллаж, цаг үеийн мэдээлэлтэй танилцан, холбогдох албаныханд үүрэг чиглэлийг өглөө. Баяр наадмын үед Онцгой байдлын Ерөнхий газар, УОК-ын шуурхай штаб, холбогдох газрууд бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангах ёстойг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болголоо.
Үүнд;
-Амралт, зугаалгын улирал эхэлж байгаа тул иргэдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь зэргийг хэрэглэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээллийг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, авто зам, тээврийн хяналтын цэг, хөдөлгөөнт эргүүлээр дамжуулан тогтмол хүргэх,
-Гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгөх
-Үерийн эрсдэлтэй цэгүүдэд шаардлагатай техник хэрэгсэл, элс гэх мэт шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх,
-Үерийн эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх,
-Үерээс хамгаалах далан, суваг, шуудуунд үзлэг шалгалт тогтмол зохион байгуулах, гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
-Ой, хээрийн гал түймрийн голомтод ажиллах алба хаагч, иргэд, автомашин, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулан, ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд аймаг, сум, дүүргийн Засаг дарга нартай хамтран хугацаа алдахгүй ажиллуулах,
-Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бэлтгэл ажлыг хангуулж, унтраах ажиллагаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангуулж, хугацаа алдахгүй ажиллуулах,
-Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр тогтмол хүргэж ажиллах зэрэг үүрэг чиглэлийг өглөө.