Баяр, наадмын амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ОБЕГ, ЦУОШГ, Экологийн цагдаагийн албанаас хамтран хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Хүрэлбагана, ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар оролцож, мэдээлэл өгсөн юм.
Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Хүрэлбагана “Он гарсаар долдугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд ой, хээрийн түймрийн гэмт хэргийн шинжтэй 71, зөрчлийн шинжтэй 5 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 12 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 5 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, 4 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эдгээр 4 гомдол, мэдээлэл нь эзэнгүй буюу цаг агаарын хуурайшил ихтэй газар аянга бууж гал гарсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоон ажиллаж байна. Нийт бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийн 70 орчим хувийг ил задгай гал, асгасан үнс, нурам, тамхи, чүдэнз, автомашин техник хэрэгслийн яндан зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн нөхцөл байдал тогтоогдсон” гэв.