Манай энэ удаагийн ярилцлагын зочноор Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан оролцож байна. Түүнтэй ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон Төв аймагт тулгамдаж буй зарим асуудлын талаар ярилцлаа.
-Та сайхан хаваржиж байна уу? Таныг ойрд хөдөөгүүр их яваад байгаа сураг дуулдсан. Орон нутагт хаваржаа ямархуу байна даа...
-Сайхан хаваржиж байна. Ойрд Төв аймгийнхаа баруун сумдаар яваад ирлээ. Хөдөө малчны хотонд шинэ төлийн дуу цангинаж хаваржаа тавлаг сайхан, малчид маань зав чөлөө муутайхан ид ажилтай л байна. Мөн газар тариалангийнхан, ногоочид маань хаврын тариалалтын бэлтгэлээ хангаж үрийн буудай, ногоо зэргээ зэхээд ер нь л ажил өрнөж байна. Дэлхий нийтээр тарсан цар тахлын үед орон нутгийн иргэд маань хөл хөдөлгөөнөө хязгаарлаж төрийнхөө шийдвэрийг дагаж байна. Ер нь дулаахан сайхан өвөл болсон болохоор мал, малчны сэтгэл тэнүүн сайхан л байх шиг ажиглагдлаа.
-Та ер нь энэ нутгийн хүн үү?
-Тиймээ. Миний аав Төв аймгийн Баянжаргаланд төрж өссөн Цэвэгдорж гэж хүн бий. Ээж минь Мөнгөнморьт сумын уугуул. Өсгөсөн өвөө эмээ маань Эрдэнэ сумын хүмүүс. Миний бага нас Нагалхаан уулын өвөрт өнгөрсөн. Улаанбаатар хотод сургуульд сууснаас бусдаар өвөл, зуны бүр хагас бүтэн сайны амралтаар ч Эрдэнэ суманд л өнждөг хүүхэд байсан. Морь малд дуртай, хөдөөгийн сайханд дурлаж өссөн дөө. Ер нь Төв аймгийн зүүн талын буюу энгэрийн зургаан суманд манай ах дүү нар, хамаатнууд үе дамжин амьдарч байна.
-Аав ээж, эмээ өвөө гээд бүгд л Төв сайхан нутгийнх болохоор та аргагүй энэ нутгийн хүү байна. Та аймгийнхаа хөгжлийн түвшинг хэрхэн хардаг вэ? Улаанбаатар хоттой хаяа залган оршдог аймаг шүү дээ. Өөрийнхөөрөө үнэлээд хэлбэл?
-Малаа маллаж, будаа ногоогоо тариалж яваа олон хөдөлмөрч хүмүүс манай нутагт бий. Таны хэлдгээр Төв аймаг маань нийслэл хоттой хаяа залган оршиж байна. Ердөө 45 км зайтай. Монгол Улсын хүн амын тал нь төвлөрөн суурьшдаг хотын хажууд буй аймаг гэхэд үнэндээ хөгжлийн түвшин сайнгүй л байна. Үүнд олон хүчин зүйл байгаа байх. Би хувьдаа аймаг орон нутгийн хөгжлийг залж яваа хүмүүсийн ажилдаа хандаж байгаа хандлага, сэтгэл нь дутаад байна уу даа гэж боддог. Нэг жишээ хэлье л дээ. Тухайлбал 2012-2016 онд анх удаа Ардчилсан нам Төв аймагт ялаад засагласан. Энэ үүлэн чөлөөний нар шиг богинохон хугацаанд хүн сэтгээд хийе гэвэл бага гэлтгүй ажлыг хийж, аймгийн өнгө төрхийг өөд нь татаж, өөрчилж ажлын байр нэмэгдүүлж, хөгжлийг авчирч болдог юм байна гэдэг нь харагдсан. Сэтгэл гаргаад иргэдтэйгээ хамтраад шийдээд хийвэл олон сайхан үр дүн гарна.
-Хоттой ойр байршил нь иргэдийн орлогод нэмэртэй байх. Ер нь Төв аймгийн иргэдийн амьжиргаа, орлого олох боломж нь бусад аймгуудтай харьцуулахад ямар вэ?
-Монгол орны хамгийн олон сум, багтай аймаг шүү дээ. Нийт 27 сум 97 багт иргэд маань тархан суурьшиж амьдарч байна. Хүн амын бүтцийн хувьд бусад аймгуудтай ойролцоо. Улаанбаатар хотод ойр учраас хот руу орж ирж ажиллах, хотод түр хугацаагаар амьдрах хүмүүс ч цөөнгүй байдаг. Суманд амьдарч байгаа хүмүүсийг харвал ерөнхийдөө малчин болон сумын төвд амьдардаг хүмүүс гэж ангилагдана. Сумын төв дэх ажилтай хүмүүс нь голдуу төрийн албан хаагчид. Үнэндээ манай аймгийн сумдад ажлын байр хомс, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл сул хөгжсөн. Орлогогүй иргэд нэлээд олон бий. Хамгийн том зах зээлийн хажууд байгаа байршлын давуу талаа ашиглавал уг нь их боломж байгаа. Даанч энэ талаар анхаарч, хэрэгжүүлж байгаа дорвитой ажил төсөл ховор байна. Сумандаа сайхан амьдрах боломж байгаад байдаг ч орлого гэдэг зүйлгүйгээр “сайхан” гэдэг үгийг ярих боломжгүй л болоод байгаа юм.
-Хөдөөгүүр явж байхад одоогийн хэрэгжүүлж байгаа орон нутгийг хөгжүүлэх бодлого, малчдыг дэмжих ажлууд хэр үр дүнд хүрч байгаа харагдах юм?
-Энэ их өргөн цар хүрээтэй асуудал. Ерөнхийдөө хүний хөгжил, хөгжих боломж бололцоо, баялгийн хуваарилалт, төрөөс үзүүлэх халамж анхаарал, иргэдийн эрх чөлөө гээд олон хүчин зүйлсээс хамаарч үнэлгээ өгөх боломж бүрдэнэ. Манай Төв аймгийн хувьд үндсэндээ гурван төрлийн аж ахуй эрхэлж байна. Уламжлалт мал аж ахуй бүхий сумд, газар тариалан, төмс хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг сумд, уул уурхай эрхлэгч сумд гэж. Сум бүрт өөр өөрийн гэсэн онцлог асуудлууд байна. Төрийн бодлого өөрөө амьдралаас урган гарсан асуудлуудыг шийдвэрлэх, болзошгүй асуудлуудаас урьдчилан сэргийлэх, иргэдээ, хүрээлэн буй орчноо хамгаалахад чиглэгдсэн, мөн иргэддээ боломж бололцоог нь нээж өгдөг л зүйл шүү дээ. Тиймээс би энэ үүднээс үнэлбэл орон нутагт уулзсан иргэдийнхээ санал сэтгэгдлийг үндэслэн хангалтгүй байна л гэж хэлэх гээд байна.
-Яагаад?
-Орон нутагт ажлын байр алга, малчдын маань жилийн дөрвөн улиралд өсгөн үржүүлж байгаа мал сүрэг нь үнэ цэнтэй байж чадахгүй байна шүү дээ. Мөн ногоочид маань хаврын хавсарга, зуны халууныг үл ажран хөдөлмөрлөөд ченжүүдэд хямд өртгөөр борлуулчхаад байна. Уул уурхайд ажиллаж байгаа иргэдэд маань аюулгүй ажиллагаатай холбоотой асуудал, байгаль орчны бохирдол гээд тоочоод байвал түмэн зовлон байна. Би дээр сэтгэл дутаад байдаг гээд хэлсэн. Үнэхээр сэтгэл гаргавал шийдэгдэхгүй асуудал гэж байхгүй. Тухайлбал миний бие өмнө нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан. Энэ үед манай Шинэчлэлийн Засгийн газар малчид, тариаланч, ногоочид руу чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн. Ногоочдод зориулсан хүлэмжийн, зоорийн төслүүд, өрхийн тариалалтыг дэмжих бичил хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан. Мөн ченжүүдээс хамгаалж Улаанбаатар хотын худалдааны цэгүүдэд павилион байгуулж ногоочид маань хүнсний ногоогоо үнэлэн борлуулах боломж олгох, үрийн шинэчлэл хийсэн гээд дурдвал хэд хэдэн ажил байна. Энэ бүхэн маань эргээд ногоочдын маань амьжиргаанд л нэмэртэй байсан юм шүү дээ. Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх тал дээр ноосны урамшуулал олгох, арьс ширний урамшуулал олгох, малчдын зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах, Хөдөө аж ахуйн биржийг хөл дээр нь босгож ажиллуулах, мал ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан болон хоёр дахь шатны боловсруулалтыг хийж, гадаад руу гаргах зэрэг ажлуудыг хийсэн. Даанч дараагийн Засгийн газар үр дүнгээ өгч байсан зарим сайн санаачилгуудыг зогсоосон доо.
-Бидний ярианд орлого гэдэг үг нэлээд давтагдлаа. Та яагаад энэ үгийг онцлох болов?
-Орон нутгаар иргэдтэй уулзаж явахад харагдаж байгаа гол зүйл нь малчдын орлогыг онцгой анхаарах шаардлагатай болсон байна. Өөрөөр хэлбэл хүний эрхэлж байгаа ажлаас олж байгаа орлого нь амьдралд нь хүрэлцэж, хангалттай болоод ирвэл тэр хүн өөрөө орлогоо хуримтлуулаад эрүүл мэнд болон хүүхдийнхээ боловсролд дээрээс нь амьдрах ая тухтай орчноо бүрдүүлэх боломжтой болдог. Тиймээс ахиу орлоготой малчдыг бий болгохын тулд бид намынхаа нөхдийн хамтаар “Чинээлэг малчин” хөтөлбөрийг салбарын эрдэмтэдтэй хамтарч боловсруулж байна. Товчхондоо цөөн, чанартай мал маллая. Малынхаа ашигт чанарыг сайжруулъя, ахиу орлого ашиг олъё гэдэг бодлогыг мал аж ахуйн салбарт баримтлах юм. Газар тариалангийн салбарт ялгаагүй үнэ цэнтэй ногоо тухайлбал сонгино сармис зэрэг ногоо тариалалтыг нэмэгдүүлье, хөдөлмөрөөр хорших аргыг хэрэгжүүлье, үр тариа, улаан буудай, тэжээлийн ургамлын чанар гарцыг нэмэгдүүлье гээд олон санаачилга байна. Мөн ургуулж авсан бүтээгдэхүүнийг борлуулах, хадгалах асуудалд анхаарах зэрэг бодлогын чанартай, бүтэн циклээр нь асуудлыг харж шийдэх шаардлага байна. Уул уурхайтай газрын хувьд алтыг нь аваад авдрыг нь хаясан дүр зураг харагдаж байна. Тухайн газраас алтыг нь авсан бол авсан алтныхаа тодорхой хэсгийг нь эрсдэлийг үүрч байгаа нутгийн ард түмэнд буюу суманд нь зориулах нь нэн тэргүүнд шаардлагатай. Улирлын чанартай уурхайн ажилчдын нийгмийн асуудал, орлогын тогтвортой байдлыг хангах асуудлууд ч байна. Ийм л учраас би дахин дахин орлого гэдэг үгийг яриад яваа юм.
-Орон нутагт байгаа байдлын талаар хоёулаа Төв аймгийн жишээн дээр нэлээд ярилаа. Харин Ардчилсан нам 2020 оны мөрийн хөтөлбөртөө дээрх асуудлуудад шийдэл хайсан хөтөлбөр боловсруулж чадсан болов уу?
-2016 оноос хойш манай нам дотооддоо олон шинэчлэл хийлээ. Үзэл баримтлалаа шинэчлэн баталлаа. Үзэл баримтлал дээрээ тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө боловсруулж иргэдээсээ, намын гишүүдээсээ нээлттэй санал авсан. Манай намын мөрийн хөтөлбөрт хувь хүний эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, үндэсний эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө гэсэн үндсэн таван тулгуур үзэл санаа туссан.Монгол орны салбар бүрт тулгамдаж буй асуудлуудад шийдэл хайсан, бас ирээдүйд үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн бодлогын чанартай зүйлс орсон байгаа. Хуулийн дагуу гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт намууд мөрийн хөтөлбөрөө хянуулдаг болсон. Бид хянуулахаар өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөр эцэслэгдээгүй гэж ойлгож болно. Ер нь манай намын бодлогын төвд “хүн” гэдэг ойлголт явдаг. Тиймдээ ч хүнийг тойрсон асуудлууд, хүн төвтэй, гэр бүл төвтэй мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Тун удахгүй Аудитаас гараад ирэхээр бид мөрийн хөтөлбөрийг тодорхой хэмжээнд эцэслэж хүмүүстээ танилцуулж эхэлнэ. Хэрвээ бид сонгуулиар олонхын санал авч чадвал манай мөрийн хөтөлбөр хэрэгжээд явах боломжтой.
-Та сая таван төрлийн эрх чөлөөний талаар ярилаа. Үүнийгээ дэлгэрүүлбэл?
-Манай нам баруун төвийн үзэл баримтлалтай нам. Дүрмэндээ баруун төвийн үзэл баримтлалтай нам гэдгээ тунхагласан. Либерал буюу чөлөөт бодлогуудыг өөрөөр хэлбэл эрх чөлөөнд тулгуурласан бодлогыг явуулдаг. Төвийн гэдэг нь төв цэг дээрээ хүнээ хардаг, хүн төвтэй, өрх гэр бүл төвтэй бодлого боловсруулдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл өрх гэр бүлийн гишүүн нэг бүрийг хаяхгүй гэсэн бодлоготой. Төр, иргэн гэдэг харилцаа байгаа учраас иргэнд очих ёстой халамж нь мэдээж байна. Гэхдээ халамж хэт хавтгайрах нь иргэдийн өрсөлдөх чадвар, шударга өрсөлдөөнөөр илүү сайн амьдрах боломжийг нь хаадаг. Тиймээс үүнийг хавтгайруулж болохгүй гэдэг үзэл баримтлалтай. Мэдээж эдийн засгийн эрх чөлөө эдэлж байгаа хүн өөрөө хийж чадвал хэдэн ч төгрөгтэй, ямар ч их хөрөнгөтэй, хэдэн ч малтай байж болохыг дэмжинэ. Түүнчлэн улс төрийн эрх чөлөөтэй. Энэ нь жагсах цуглах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхээр нь хангаж өгсөн. Товчхондоо хүнийг хүн ёсны болон заяагдмал эрхүүдийг нь чөлөөтэй эдлүүлье. Хүн хуулийн дагуу л бол өөрөө хийгээд явах нөхцөлийг нь хангаж өгье гэсэн өрсөлдөөний зарчимтай бодлогыг хэлж байгаа юм.
-Сүүлийн үед хувь хүн чөлөөтэй байх боломжуудыг хааж боодог хандлага гараад байх юм шиг санагддаг. Энэ юутай холбоотой вэ?
-Аливааг хааж боох нь коммунист арга л даа. Хааж байгаад жаахан сулруулахад хүмүүс суларч байгаа юм байна гэж тайвширдаг. Мөн хэт популист, буюу бүх зүйлийг болгоно, төр бүгдийг хийнэ гэж ярьдаг ч бодит байдал дээр хийсэн бүтээсэн зүйл маш ховор байдаг. Мэдээж ардчилал бол төгс тогтолцоо биш. Тиймээс үргэлж тордох хэрэгтэй. Монголын ард түмэн олж авсан ардчиллаа хайрлах ёстой гэж бодож байна. 2008 оны долдугаар сарын 1-ээр бид телевизийн ганц сувагтай болж, гудманд танк цэргийн машин зогсоход ардчилал ямар үнэ цэнтэйг ойлгосон. Энэ бол ус агаар мэт хэрэгтэй зүйл. Ялангуяа нүүдэлчин монгол хүмүүст маш хэрэгтэй. Үүнийг алдвал харамсаад ч барахгүй зүйл болно. Хоёр хөрш, болон ардчиллын замыг сонгоогүй зарим орнуудыг ажиглахад тодорхой эрх чөлөө нь хасагдсан, мөн хүмүүстэй нь уулзахад олон зүйлд сэтгэл дундуур явдаг нь анзаарагддаг. Манайд өмнө нь коммунист, социалист үзэл суртал олон жил явсан тул хүмүүсийн тархинд хоногшсон байна. Хуучин сайхан байсан мэтээр харуулах зорилго байна. Хэрвээ одоо байгаа хүмүүсийн бүгдийнх нь гар утсыг хурааж аваад, телевизийн хоёр сувагтай болгож, машиныг нь хурааж, гадаад руу чөлөөтэй явдаг байсныг болиулж, сонгуульд ганц хүн нэр дэвшдэг тогтолцоонд оруулна гэж төсөөлбөл хэзээ ч байж боломгүй гэж бодох байх. Буруу үзэл сурталд бүү автаасай гэж хэлмээр байна.
-Энэ жил сонгууль болно. Сонгуулийн хууль шударга зарчмыг хангаж байна уу?
-2008 оны долдугаар сарын 1 бол ард түмэн ардчиллын төлөө өгсөн саналаа хайж босоод сүүлдээ эмх замбараагүй байдал үүссэн үйл явдал. Тэр сонгуулийг шударга болоогүй гэж ард түмэн үзсэн. Үүнээс хойш хар машин гэж шинжлэх ухаан технологийн шийдэл ашигласан зүйлээр сонгууль явж байна. Энэ бол тодорхой хэмжээнд дэвшил. Бид үүнд итгэх ёстой. Мөн сонгуулийн тухай хуулинд давхар хяналтын тогтолцоог оруулсан. Үүнд бид итгэхээс өөр аргагүй. Тиймээс сонгуулийн тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу ажиглагч нар ажиллана. Хуулиа дээдлэн мөрдөнө мөн хяналтаа ч орхигдуулалгүй хийнэ.
-Хуулиа дээдлэх нь иргэн бүрийн үүрэг боловч зарим сонгуулиуд будилаантай, иргэдийн саналыг худалдаж авсан гэсэн маргаанууд гардаг. Энэ талаар таны бодол?
-Сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдэлдэг хуулиар олгогдсон боломж юм. Өөрийн ирээдүйгээ гартаа харандаа бариад зурах боломж гэсэн үг. Зарим хэсэг нь нутаг усаа, эх орноо хөгжүүлэх гэж хөгжлийн зураг гаргаж дэвшинэ. Нөгөө хэсэг нь нэр дэвшсэн хүмүүстээ, мөрийн хөтөлбөрт нь итгэн үнэмшиж үнэ цэнтэй саналаа өгдөг зүйл. Сонгууль бол хэн нэгний эрх ашиг биш нийтийн эрх ашгийг хамгаалах, нийгэм орчин тойрноо өнгө оруулан будах, шинээр зурах боломж юм. Харамсалтай нь манай зарим иргэд түр зуурын мөнгөний, худал амлалтад хууртаж саналаа өгөх тохиолдол байсаар л байна. Тиймээс мөнгөнд автаж битгий саналаа өгөөрэй, 20 мянган төгрөгөөр дөрвөн жилийн амьдрал, үр хүүхэд улс эх орныхоо хувь заяаг битгий солиосой гэж хэлмээр байна. Ардчилал ялсан үед иргэд арай чөлөөтэй улс төрийн эрхээ эдэлж чадсан юм шиг харагддаг. Ард түмэн ч мөн ингэж ярьдаг. Иргэд өөрсдийн сонголтоо илүү алсыг харж хийгээсэй гэж бодож байна.
-Өнөөдөр бид эрүүл мэндийн хувьд тун эгзэгтэй нөхцөлд байна. Өнөөдрийн хөл хорионы нөхцөлд Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогыг хэрхэн харж байна вэ?
-Коронавирусийн цар тахал бол анхаарал хандуулах ёстой гоц өвчин. Өнөөдөр дэлхийд эдийн засаг нь тогтворжсон, өндөр хөгжилтэй орнууд ч энэ тахлын өмнө сөгдөж байна. Хүн ер нь аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах, төр засаг нь иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллах нь гарцаагүй. Манай Ардчилсан намынхны ярьж байгаа зүйл бол дүрэм журмыг алагчлалгүй мөрдүүлж, мэргэжлийн түвшинд ажиллаасай гэж хүсч байгаа. Тухайлбал халдварын эрсдэл өндөртэй орноос хүн авчирч байгаа гээд эрүүл хүмүүсийг өвчтэй хүмүүстэй хамт тээвэрлээд халдвар тарааж байгаа нь буруу л гэж хэлээд байгаа юм. Одоогийн энэ нөхцөлд төр засгийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь цаг үеэ олсон, зөв арга хэмжээ мөн. Гэхдээ бас алдаатай оноотой зүйл ч байна. Алдаатай зүйлсийг нь манай нам шүүмжлээд мэдэгдэл хийсэн. Бусад улс орон хилээ хаачихсан, гаднаас хүн оруулахгүй байхад бид нэг номерын цар тахлын голомтоос хүмүүсийг авчирч байгааг эсэргүүцээд мэдэгдэл гаргасан. Үүнийг харин аваад цуцалж байна. Ер нь зөвхөн энэ цар тахлын үед ч гэлтгүй энгийн үед орон гаран шийдвэрүүд их гаргадаг болсон. Бид ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа учраас эмнэлгийн байгууллагуудын үгэнд итгэхээс өөр аргагүй. Хорио цээрийн дэглэмийн үед ард иргэд маань мэргэжлийн байгууллагын зөвлөмж зааврыг дагаж, ар гэр үр хүүхэддээ эрсдэл учруулахгүйн тулд ариун цэврийг сайн сахиарай гэж хэлмээр байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Эх сурвалж :"Ардчилал таймс сонин"