Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нар авилга, албан тушаалын хэргээр ял аваад байна. Тэд бусдын компаниас 235 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ. Учир нь тэд Төрийн банкнаас гаргасан зээлийнхээ 5-10 хувийг хахуульд авдаг байсан нь тогтоогджээ.
Хэргийн талаар тодруулбал “Бичура” компанийн захирал М.Болортуяа өөрийн найз Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэнгээр дамжуулж 5 тэрбум төгрөгийн зээл хүсчээ. Ингээд зээлийн материалд хийсэн үнэлгээгээр эрсдэл өндөр гэсэн дүгнэлт гарсан байна. Гэсэн ч Д.Цэндсүрэнгийн оролцсон зээлийн хорооны 2017 оны есдүгээр сарын 12-ны өдрийн хурлаар “Бичура” компанид 4.7 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарчээ.
Гэтэл “Бичура” компанийн захирал М.Болортуяа зээл олгогдсоны дараа “Төрийн банкнаас зээл гаргахад зээлийн хорооны гишүүдэд нийт дүнгийн таван хувийг өгөх ёстой” гэх шаардлагын дагуу гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэнд 235 сая төгрөг хахууль болгон өгчээ.
Мөн 2018 оны хоёрдугаар сард Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, Төрийн банкны тэргүүн орлогч захирал асан Д.Ганбаатарын хамт “Бичура” компанийн тавилгын дэлгүүрт очиж 22 сая төгрөгийн үнэ бүхий зүйлс авсан нь тогтоогдсон байна.
Сонирхуулахад, Монголын төр “төрийн өмчит арилжааны банк”-тай болохын тулд Засгийн Газрын 2009 оны 384 дүгээр тогтоол, Сангийн сайдын 259 дүгээр тушаалаар “Төрийн банк”-ыг анх байгуулсан байдаг. Харин 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр тухайн үедээ 507 салбартай, давхардсан тоогоор 1.7 сая гаруй харилцагчтай байсан Хадгаламж банкны тодорхой хөрөнгийг салбар, нэгжийн хамт Төрийн банкинд шилжүүлэх шийдвэрийг Монголбанкнаас гаргасан байдаг. Ингээд өнөөдөр төрийн өмчит Төрийн Банк нь 2,3 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, 500 гаруй салбар нэгж, 280 АТМ-ээр дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.