Дундговь аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Нийтийн тээврийн болон төрийн үйлчилгээний авто бааз байгуулах ажлын хүрээнд хувийн хэвшлийн “Үнэгтийн уул” ХХК-тай хамтран энэ сарын 3-аас эхлэн Улаанбаатар – Мандалговь, Мандалговь – Улаанбаатар гэсэн чиглэлээр өглөө 8.00, өдөр 14.00 цагуудад өдөрт хоёр удаа үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Хот хоорондын зорчигч тээврийн автобус нь Дундговь аймгийн “Авто тээврийн төв”, Улаанбаатар хотын “Тэнгэр плаза”-аас үйлчилгээ үзүүлэх ба зорчигчид амь насны даатгалд хамрагдах төдийгүй өндөр хурдны интернэт, GPS суурилуулж өгснөөрөө давуу талтай юм. Түүнчлэн Дундговь аймгийн төвд хот хооронд зорчих тээврийн төв байгуулах санал хүргүүлсэн ба аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны зүгээс 100 хувь дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тухайн компаниас нийтийн тээврийн автобус гарган Үндэсний их баяр наадмын өдрүүдэд аймгийн төв дотроо иргэдэд үнэгүй үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Цаашлаад Нийтийн тээврийн болон төрийн үйлчилгээний авто бааз байгуулан, сум хооронд зорчих нийтийн тээврийг өргөжүүлэх боломжтойг дурдав.