Б.Лхагвасүрэн, Б.Жавхлан нарын үед ам.доллар 900 гаруй төгрөгөөр өсөж, бүтээгдэхүүний үнэ нэг сарын дотор 1.3 хувиар нэмэгдээд байна

Б.Лхагвасүрэн, Б.Жавхлан нарын үед ам.доллар 900 гаруй төгрөгөөр өсөж, бүтээгдэхүүний үнэ нэг сарын дотор 1.3 хувиар нэмэгдээд байна

Манай улсад валютын тогтворгүй байдал, төгрөгийн ханш унах зэргээс үүдэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, инфляци өдрөөс өдөрт нэмэгдэж, төгрөгийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байна. Энэ нь магадгүй Сангийн сайд болон маш муу ажиллаж байгаа Монгол банкны ерөнхийлөгчтэй холбоотой асуудал юм.

-СҮҮЛИЙН ХОЁР САРЫН ХУГАЦААНД ДОЛЛАРЫН ХАНШ 3450-ААС 3580 БОЛЖ, ЮАНИЙН ХАНШ 470-ААС 501 БОЛЖ НЭМЭГДСЭНЭЭР БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 1.3 ХУВИАР ӨСЖЭЭ-

Тодруулбал, энэ оны хоёрдугаар сард 3450 төгрөг байсан ам.долларын ханш 130 төгрөгөөр огцом өсөж, өнөөдөр 3580 төгрөгтэй тэнцэж байна. Гадаад нөхцөл байдал, олон улсын эдийн засгийн ээдрээтэй энэ цаг үед ам.долларын ханш өсөж, Монгол банкнаас ч энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. /Энэ талаар бид хойно дэлгэрэнгүй өгүүлэх болно/

Мөн юанийн ханш өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сард 470 төгрөг байсан юанийн ханш тасралтгүй нэмэгдсээр одоо 501 төгрөгтэй тэнцжээ. Манай улс гол нэрийн 16 хүнсний бүтээгдэхүүний 57 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 42 хувийг импортоор хангадаг бөгөөд олон улсад хүнсний бүтээгдэхүүний импорт 40-аас илүү бол хүнсний би даасан байдал алдагдсан гэж үздэг.

Түүнчлэн манай улс дийлэнх бүтээгдэхүүнээ Хятадаас импортолдог бөгөөд 2023 оны байдлаар импорт 7.6 тэрбум долларт хүрсэнээс хамгийн их буюу 40 хувийг БНХАУ-аас импортолжээ.

Ингэхдээ хүнд даацын машин, тоног төхөөрөмж, ахуйн болон хүнсний бараа голчлон импортолсон байгаа юм. Харин Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа мэдээллээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу гурил, мах, сүү, бензиний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь ам.долларын ханш болон манай улсын дийлэнх импортыг хангадаг Хятадын юанийн ханш нэмэгдэж буйтай холбоотой. Юань өсөхийн хирээр Монгол Улсад худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляци нэмэгдэнэ гэсэн үг. Харин энэ асуудал нь Монгол банк юанийн ханшаа барьж чадахгүй байгаатай холбоотой.

-МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ЛХАГВАСҮРЭН ТОМИЛОГДСОНООС ХОЙШ АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 900 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН БАЙНА-

Монгол банкны үндсэн үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад оршдог. Гэвч Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн  2019 онд томилогдсоноос хойш төгрөгийн эсрэг ам.долларын ханш тасралтгүй өссөөр байна. Тодруулбал, 2019 онд ам.доллар 2663 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3580 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 6 жилийн дотор төгрөгийн эсрэг ам.долларын ханш 900 гаруй төгрөгөөр чангарчээ. Төгрөгийн ханш ингэж өссөнд Сангийн сайд Б.Жавхланг буруутгах олон нийт ч байгаа. Учир нь Сангийн яам, Төв банк бодлогоор төгрөгийн ханшийг барих үндсэн үүрэг хүлээдэг. Валютын зохицуулалтын тухай хуулийн 7.1-д зааснаар “Засгийн газар валютын зохицуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээ авах” гэсэн байдаг.

Гэвч өнөөдөр ам.долларын ханш тэнгэрт тулж, юанийн ханш тасралтгүй өссөөр төгрөгийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурсаар байна.

Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цаашид төгрөгийн ханшийг тогтвортой барихын тулд төв банк гадаадаас своп хэлцлээр мөнгө солилцох, хил дээр байгаа нүүрсийг хамгийн хямд үнээр зарах зэргээр валютын нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөж байна гэх зүйлийг ярьсан. Гэтэл энэ арга төгрөгийн ханшийг улам унагаж, инфляцийг нэмэгдүүлнэ. Бид дараах Венесуэл болохгүй гэх баталгаа байхгүй.

-МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙН ДАГНАСАН ИМПОРТТОЙГООРОО ВЭНЭСУЭЛТЭЙ ИЖИЛ-

Венесуэл бол асар их байгалийн баялагтай орон. 1940 онд Венесуэл улс дэлхийн номер нэг газрын тос экспортлогч улс болж, ДНБ-ий 90 хувийг нь зөвхөн газрын тосноос бүрдүүлж байлаа. Улмаар мөнгөний ханшаа барьж чадалгүй инфляци нэмэгдсээр 2016 онд 225 хувьтай байсан инфляци тус улсад 14000 хувь болтлоо нэмэгдсэн. Энэ улсын эдийн засагтай үзүүлсэн хамгийн том хор хөнөөл нь хувийн хэвшил, үйлдвэржилтийг байхгүй болгож, эдийн засгаа ганцхан газрын тос, байгалийн баялагтаа төвлөрүүлж байсан нь алдаа болсон.

Гэтэл манай улсын нийт экспортын 94 хувь нь уул уурхайн салбараас хамааралтай. Иймээс Вэнэсуэл улсын жишээг давтахгүй гэх баталгаа байхгүй. Монгол банк нь төгрөгийн ханшаа барьж чадахгүй, Сангийн яам нь инфляциа тогтоож дийлэхгүй байвал цаашид ч төгрөгийн ханш унаж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, инфляци өсөж, чөлөөт эдийн засаг байхгүй болно гэсэн үг. Иймд ажлаа маш муу хийж байгаа Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нартай хариуцлага ярьж, цаашид төгрөгийн ханшийг тогтвортой байлгах шаардлагатай байна.




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө