Өчигдөр /2025.07.04/ Ерөнхий сайд Г.Занданшатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар уулзаж, тэтгэврийн зээл дээрх өр, орлогын 50/50 гэсэн харьцааг буцаан 70/30 болгоход санал нэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ирэх даваа гарагт /2025.07.07/ хуралдаж уг шийдвэрийг албажуулах аж.
Энэ талаар Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Тэтгэврийн зээлд тавьсан 50/50 өр, орлогын харьцаа бол хэрэглээний зээл дээр тавигдаж байгаа стандарт. 2024 оноос хэрэгжиж байгаа стандарт юм. Тэтгэврийн зээлд тавьсан 50/50 өр, орлогын харьцаа хатуу байна гэж үзэж буй бол банк өөрөө шийдвэрээ гаргаж болох юм. Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргая гэдэг байдлаар асуудлыг шийдвэрлэж болох юм. Ирэх Даваа гаригт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана. Ерөнхий сайд болон Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нартай өнөөдөр /2025.07.03/ уулзсан . Ерөнхий сайдын зүгээс ахмадуудын тавьж байгаа тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг судал гэсэн” гэлээ. Одоо үйлчилж байгаа шаардлагаар тэтгэврийн зээлд тавьсан өр, орлогын харьцаа 50/50 нөхцөлд ахмад настан тэтгэврээ барьцаалж зээл авахад тэтгэврийнхээ 50 хувийг зээлд, 50 хувийг нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болгож үлдээж буй.