Хотын дарга Х.Нямбаатарын батлуулсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн “9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дүгнэсэн. Хэрэв УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авбал, дээрх хууль үйлчлэхгүй. Тэгвэл уг хуулийн заалт хүний эрхийг хязгаарласан “коммунист” үйлдэл хэмээн Хуульч О.Батхуяг мэдээлэл хийлээ.
Хуульч О.Батхуяг “УИХ-аас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах хууль баталсан. Уг хуулийг батлахдаа УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар яаралтай журмаар хэлэлцэж, баталсан. Яаралтай журмаар хууль хэлэлцэж батална гэдэг бол олон нийтэд танилцуулахгүй, санал авахгүй, судалгаа хийхгүй, 7-10 хоногийн дотор баталдаг. Энэ хуулийг батлахтай зэрэгцэн 26 хууль дагалдан нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуульч хүний хувьд уг үйлдлийг хуулийн хулгай гэж харж байна. Тус 26 нэмэлт, өөрчлөлт орсон хуулийн дотор хүн үл хөдлөх хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарж болохгүй гэсэн заалт байна. Иргэн, аж ахуйн нэгж өөрийн ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийг зарахдаа заавал үнэ өсгөх шаардлага үүсэж байна гэсэн үг. Улсын бүртгэл нэг төгрөг хямдарсан л байвал хүлээж авахгүй байгаа. Үндсэн хуулийн цэц 2025.06.06 өдөр дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, хүний өмчлөх эрхэд халдсан шийдвэр гэсэн дүгнэлт гаргасан. Хэрэв Монгол Улсын Үндсэн Хуулийн цэц энэ дүгнэлтийг хүлээж авбал, хууль зогсоно. Тус хууль бол анхнаасаа татвар авах зорилготой хууль байсан. Ашиглахаа байсан үл хөдлөх хөрөнгөө ч хүн зарж чадахгүй нөхцөл бүрдлээ. Энэ бол 1992 оноос хойш гарсан хүний эрхийн хамгийн том зөрчил” гэв.