Аялал зугаалгын улирал эхэлж, иргэд орон нутгийг зорьж, аян замдаа гарах дөхлөө. Харин энэ үеэр учирч болох хамгийн том эрсдлээс сэрэмжлүүлэх үүднээс энэ удаагийнхаа ярилцлагыг хүргэж байна. Жолооч С.Халиунбат орон нутгийн замд зам тээврийн осолд орсны улмаас хүнд бэртэл авчээ. Иймд бид түүнтэй ярилцаж, аялж зугаалах үедээ орон нутгийн замд зорчихдоо сэрэмжтэй байж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож, дүрмээ баримтлахыг анхааруулж байна.
ВИДЕО:
Түүний хувьд эхнэр хүүхдээ хөдөө байх хадмындаа хүргэж өгөөд шөнөдөө хот руу буцсан байгаа юм. Тухайн үед өглөө эрт ажилтай байсан тул нойр дутуу байсан ч шөнө нь гараад, ажилдаа амжихын тулд хурд хэтрүүлж явжээ. Нойр дутуу байсан тул замдаа хэд хэд зогсож, нойроо сэргээсэн бөгөөд нэг зүүрмэглэснээс болж осол болсон талаар бидэнд ярьсан юм. Иймд нэн тэргүүнд жолооч та өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалахын нойр дутуу бол холын замд огт гарахгүй байхыг зөвлөж байна. Түүний хувьд өмнө нь гэрлээ шилжүүлгээгүйгээс эс бөгөөс согтуу автомашин жолоодсоноос авто осол болж байсан гэж сонсож л байснаас өөрт ийм асуудал тохиолдоно гэж огт бодож байгаагүй гэнэ.
Ер нь жолооч нар өөртөө эрдэн, машиндаа бардан хурд хэтрүүлэх, нойр дутуу үедээ автомашин жолоодох явдал элбэг байдаг. Иймд энэ үйл явдал тэдгээр иргэдэд бага ч гэсэн сэрэмжлүүлэг болох биз ээ.
Мөн жолооч танд ямар нэгэн зүйл тохиолдоход хамгийн хэцүү байх хүмүүс бол гэр бүл. Жолооч С.Халиунбат энэ талаар ярихдаа, “Ямар азаар эхнэр хүүхэдтэйгээ цуг яваагүй юм, би өөрөө ямар азаар үхчихээгүй юм гэж л бодож байна. Хүүхдийн маань заяа л түшсэн байх. Түүнээс биш үхчихээр болсон” гэсэн юм. Иймд иргэд та бүхэн хайртай дотны хүмүүсээ зовлонд унагахыг хүсэхгүй байгаа л бол өөртөө эхлээд анхаарал тавьж дүрэм журмаа баримтлах хэрэгтэй.
Осолд орсон түүний зүүн хөл, баруун гар гэмтсэн. Мөн гурван хавирга цуурч, нуруу нугас нь гэмтсэн байна. Улмаар нуруу нугасныхаа гэмтлийн улмаас хагалгаанд орж магадгүй байгаа бөгөөд цаашдаа хөл дээрээ зогсож алхаж чадах эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.
Тухайн осол гарах үед жолооч автомашинтайгаа замын хажуугийн жалганд унасан байсан бөгөөд өнгөрч явсан жолооч нар цагдаа, эмнэлэг дуудаж, аминд нь орсон байна.
Иймд иргэд жолооч та бүхэн хол замд явахдаа аливаа зүйлд яарч байна гэж хурд хэтрүүлдэг, нэг машин гүйцэх гэж эсрэг урсгал руу ордог, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа үед гүйцэж түрүүлдэг, согтгуугаар болон дүрэм зөрчиж замын хөдөлгөөнд оролцож, өөрийн болон бусдын амь насанд хайхрамжгүй ханддаг байдлаа зогсоохыг анхааруулж байна. Хол замд яваад ирсэн иргэдээс сайн явж ирсэн үү гэж л асуудаг болохоос биш хэр хурдан явж ирэв гэж хэн ч асуудаггүй. Иймд хол замд гарахдаа, аялж зугаалахдаа, хөдөө орон нутгийг зорихдоо дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.