Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.07.02/ 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл нарт гавьяат тамирчин цол олгосон нь монголчуудын баяр, бахархалыг төрүүлэв.
Гэтэл эл үйл явдлын дараа жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин М.Бундмаа “Сагсан бөмбөгийн охидууддаа баяр хүргэе, бас бахархаж баярлаж байна. Гэхдээ бусад төрлийнхөн адилхан амжилт гаргаад байхад ялгавартай хандаж байгаа нь харамсалтай” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байна. Учир нь М.Бундмаа нь Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч. Энэ ч утгаараа хэлэх үг, хийх үйлдэл нь хэмжээ, хязгаартай байх ёстой хариуцлагатай ажил хийж байгаа хүн юм. Гэтэл спортын ялгаварлал гэж спортын олон хүнийг турхирч буй үйлдэл нь М.Бундмаагийн үг үнэхээр мөн үү. Эсвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын багийн гишүүн учир улстөржиж дээрх байр суурийг илэрхийлэв үү гэдэг нь олны анхаарлыг татаж байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд жүдочид шиг их шагнал авсан спортын холбоо, хамт олон Монголд байгаагүй гэдэг. Олимпийн байтугай дэлхийн медальгүй жүдочид гавьяат болж байсан цаг саяхан. Үүгээр зогсохгүй зарим нэг нь Баянгол зочид буудалд гавьяатын тэмдэгээ гардан авч байсан гэх яриа ч байдаг. Тэр ч байтугай жүдо бөхөд ойр хэн бүхэн шагнуулсан, санаж байгаа бол жүдогийн зурагчин, жүдогийн хөтлөгч, жүдогийн холбоонд ажилладаг гээд тоочвол тоотой, нэрлэвэл нэрс олон байна.
Тиймээс ч иргэд "Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин М.Бундмаа нь жүдочдын хооронд болсон аллага, танхайн хэрэгт хүртэл амаа үдүүлсэн мэт чимээгүй байсан. Энэ үед үзэл бодлоо илэрхийлж байхгүй яав" гэгчлэнгээр байр сууриа илэрхийлж байна.