УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт сонгуулийн сунгаа хэдийнээ эхэлжээ. Тус аймаг нийт 105,938 хүн амтай, үүний 60 орчим хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг аж. Дархан, Орхон, Хонгор, Шарын гол гэсэн дөрвөн сум, 24 багтай, сонгуулийн томоохон тойрог юм.
Залуучуудын гэх тодотголтой Дархан хот анх Монгол Улс парламентын засаглалтай болоход гурван тойрогт хуваагдсан. Гэвч 2012 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулиар 19 дүгээр тойрог буюу хоёр мандаттай болсон юм.
Дарханчууд 1992 оны сонгуулиар МАХН-ын нэр дэвшигч Н.Жанцанноров, Ч.Баянжаргал, Ж.Жадамбааг сонгосон байна.
Гэхдээ нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тухайн үед “Энэ миний байх газар биш байна” гээд гуравхан сарын дараа саналаараа огцорч, парламентад байж болох улс төрийн болон хувь хүний ёс зүйн соёлыг харуулсан түүх бий. Харин түүний оронд нөхөн сонгууль явуулаагүй. Учир нь пропорциональ системээр явагдаж байсан сонгууль тул дараагийн хүн буюу Монголын үндэсний ардчилсан намын нэр дэвшигч Т.Эрдэнэбилэг УИХ-ын гишүүн болж байлаа.
1996-2000 онд тэд дан ганц Ардчилсан холбоо эвслийг дэмжихээр шийдэж байлаа. Энэ сонгуулиар Т.Эрдэнэбилэг, М.Чимидцэрэн, Ш.Батбаярыг тус тус сонгон парламентад суулгасан байна. Харин 2000 оны сонгуулиар МАХН буюу одоогийн МАН-д 100 хувь итгэл хүлээлгэсэн. Мөн дараагийн сонгууль буюу 2004 оны зун санал эргэж, тус тойргийг “Эх орон-Ардчилал” эвслийнхэн УИХ-д төлөөлөх болсон юм.
2008 онд дарханчуудын сонголт солонгорсон. Өөрөөр хэлбэл, МАХН буюу одоогийн МАН-аас нэр дэвшиж байсан Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар болон Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Гансүхэд итгэл хүлээлгэсэн юм. 2012 оны Сонгуулийн тухай хуулиар хоёр тойрогтой болж, өрсөлдөөнд хоёр том намаас гадна бие даан нэр дэвшигч С.Ганбаатар оролцож, ялалт байгуулсан. Түүнтэй хамт дарханчуудыг УИХ-д төлөөлөх үүргийг МАН-ын нэр дэвшигч Д.Хаянхярваа хүлээсэн билээ.
2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Д.Хаянхаярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар дарханчуудын саналыг авч парламентын гишүүн юм болсон юм.
-Д.ХАЯНХЯРВАА, Б.ЖАВХЛАН, Б.БАТТӨМӨР, Ж.СҮХБААТАР, Б.ЦЭНГЭЛ НАР
НЭР ДЭВШИХЭЭР ГОРИЛЖ БАЙНА-
Харин энэ удаад буюу 2020 оны УИХ-ын сонгуульд өдгөө парламентад суугаа Д.Хаянхаярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар нэр дэвшихээр горилж байгаа бөгөөд цагтаа Дархан-Уул аймгаас сонгогдож, төрийн түшээ болж байсан Ж.Сүхбаатар мөн л нэр дэвшихээр санаархаж буй. Түүний хувьд 2012 оны сонгуулийн дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөж, ялагдаж хүлээсэн бөгөөд хилийн чанадыг зорьсон. Ирсэн даруйдаа МАХН-д элсэж, хэсэгтээ тус намд хүчин зүтгэсэн тэрбээр саяхнаас УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ажиллах болсон. Түүний хувьд парламентын гурван гишүүний нэгээс нь тойргийг нь булааж чадвал нэр дэвших боломжтой болох юм. Гэхдээ түүнд өрсөлдөгч буй. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад одоо Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх болсон Б.Цэнгэл мөн л нэр дэвшихээр горилж буй.
Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх 32-ийн бүлэг М.Энхболдын хүмүүст энэ сонгуулиар итгэл хүлээлгэхгүй байхаар шийдсэн гэх мэдээлэл байна. Хэрвээ энэ мэдээлэл баталгаажвал Д.Хаянхярваа нэр дэвших эрхгүй болох юм.
-АН-ААС ДАРХАНД ДАШУУД НЭР ДЭВШИХ ҮҮ-
Харин Ардчилсан намаас дарханчуудыг УИХ-д хоёронтаа төлөөлж байсан Л.Гансүх болон М.Сононпил нар энэ удаад нэр дэвших боломжгүй. Сонгуулийн шинэ хуулиар ял эдэлж байсан болон ял эдэлж буй хүмүүст хар дарсан юм. Иймээс ах, дүү Дашуудаас нэг нь дэвшиж таарна гэцгээж байна. Мөн тус аймагт бүтэн найман жил засагласан ч олигтой хийсэн ажилгүй, хувийн бизнесээ өргөжүүлсэн гэх хардлагыг байнга дагуулдаг Б.Насанбат хэрхэх нь тодорхойгүй байна. Урьдчилсан байдлаар Н.Мөнхдаш нэр дэвших бэлтгэлдээ хэдийнээ гарсан. Гэхдээ түүнтэй зуузай нийлүүлэх намын нөхөр хэн байх нь одоогоор тодорхойгүй гэнэ. Урьдчилсан таамгаар Л.Наранбаатар нэр дэвшихээр санаархаж буй гэх мэдээлэл байна.