Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан өнгөрсөн тавдугаар сарын 02-ны өдөр /2025.05.02/ тушаал гаргаж, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлсөн.
Харин ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү тус шийдвэрийг хууль бус хэмээн эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан байдаг. Улмаар шүүхээс тус гомдолтой холбоотойгоор Эрүүл мэндийн сайдад холбогдох захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт хэргийг хэлэлцээд Н.Эрдэнэхүүг ажилд нь буцаан томилох, ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийх зэрэг шийдвэрийг гаргасан юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Шүүхийн шийдвэр гарсан ч Н.Эрдэнэхүү өөрөө Хавдар судлалын үндэсний төвд дахин ажиллахгүй гэдэг шийдвэрийг гаргасан" гэж мэдэгдсэн. Харин Т.Мөнхсайхан "Н.Эрдэнэхүү захирлыг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсанд харамсаж байна. Нэхэмжлэл гаргасан, шүүх хурал болсныг би мэдээгүй. Хуралд Эрүүл мэндийн яамнаас хуульч, өмгөөлөгч томилогдон ажилласан байх" гэсэн.
Шүүхийн шийдвэр гарсны дараа "Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн сайд асан Т.Мөнхсайханы шийдвэрийг хүчингүй болголоо. Т.Мөнхсайхан хууль бус шийдвэр гаргасан" зэрэг мэдээлэл хөвөрсөн. Тэгвэл бодит байдал дээр Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдаар очсон даруйдаа Н.Эрдэнэхүүгийн гомдлыг хүлээн зөвшөөрч, эвлэрэх захирамжийг гаргуулсан байна. Харин Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эвлэрлийг баталгаажуулсан захирамжийг л гаргажээ.
Угтаа бол тус шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагааг явуулалгүй эвлэрлийг баталгаажуулж захирамж гаргажээ. Тэгэхээр Т.Мөнхсайханы шийдвэрийг шүүх хүчингүй болгосон гэдэг нь ташаа мэдээлэл аж. Мөн өөрсдийнх нь тайлбар ч худал болох нь доорх баримтаас харагдаж байна. Тодруулбал, Ж.Чинбүрэн нь Эрүүл мэндийн сайдаар очингуутаа тус гомдол дээр өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Хулан гэж магадгүй яамны ажилтнаа томилж ажиллуулсан байна. Харин М.Хулан нь шүүхэд бичгээр хүргүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхээс ирүүлсэн Н.Эрдэнэхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/33 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Ийнхүү Эрүүл мэндийн яамнаас Н.Эрдэнэхүүгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхийг хүссэн учир шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг хэрэг дээр хоёр тал шүүхийн журмаар маргаагүй, Эрүүл мэндийн сайд өмнөх сайдынхаа шийдвэрийг хамгаалах гэж ажиллаагүй, зүгээр л найзынхаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү нарыг дотны найз гэгддэг бөгөөд нэг нь 2016-2020 он хүртэл, нөгөө нь 2020-2025 оныг хүртэл Хавдар судлалын үндэсний төвийг удирдсан юм.

