БНСУ-ын хил дээрээс 2025.05.12-ны өдөр шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл өнөөдөр /2025.05.14/ мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Тэдний төлөөлөл Б.Соёл-Эрдэнэ ярихдаа: Миний хувьд 2019 онд анх Солонгос улсад нэг удаа зорчиж байсан. Тухайн үед сар орчим хугацаа өнгөрүүлээд буцаж ирж байсан. Үүнээс хойш зургаан жилийн дараа нөхрийнхөө ээлжийн амралтаар Солонгос улсын үзэх зорилгоор 2025.02.24-нд виз мэдүүлээд хорь хоногийн дараа бидний виз гарсан. Ингээд бид хоёр тавдугаар сарын 12-ны өдрийн нислэг аваад онгоцонд суусан. Буцах тийз маань зургадугаар сарын 4-ний өдөр байсан. Тэгээд бид Инчеоны нисэх буудал дээр бууж шалган нэвтрүүлэх дээр очсон. Миний тухайд шалганаар нэвтэрч, гадаад пасспорт дээрээ штамб даруулсан. Харин намайг цаашаа гараад нөхрөө хүлээж байх хооронд манай нөхрийг шалгасан. Бид хоёрын бичиг баримт буудал очих газар бүх зүйл яг адилхан байсан. Тодорхой хугацаа өнгөрсний дараа буцаад намайг дуудаад хорих байр луу оруулсан. Тухайн өрөөнд нилээд процесс өрнөсөн.
-ЯМАР ШААРДЛАГААР БУЦАЖ БАЙГААГАА БИД МЭДЧИХЭЭД БУЦМААР БАЙНА ГЭХЭД ХЭН Ч БИДЭНД ХАРИУЛААГҮЙ-
Надтай хамт тухайн онгоцоор явсан найман иргэнийг хойд талын өрөөнд оруулсан. Бидэнд ямар ч орчуулагч байхгүй, хэнд хандахаа мэдэхгүй нөхцөлд 3-4 цаг болсны дараа хорих, саатуулах өрөөнд орсон. Үүнтэй холбоотой хэд хэдэн асуудал гарсан учраас бид Монгол Улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яам болон Гадаад хэргийн яам, Хүний эрхийн комисст “Хил дээр хүний эрх зөрчигдсөн тухай” гомдол мэдээллээ албан ёсоор хүргүүлэх гэж байна. Тухайн үед надад ямар хохирол учруулсан гэхээр миний утсыг гар дээрээс булааж авсан түүний дараа надаас нилээн олон асуулт асуусан. Би бүгдэд нь хариулсан. Өөрөөс шаардлагатай бүх зүйлээ үзүүлсэн. Сүүлдээ бүр миний цүнхэнд байгаа мөнгийг тоолсон. Дансыг чинь шалгана гэсэн. Би “Шалгаж болно. Би танай улсад аялах гэж байгаа. Миний мөнгийг шалга” гэж хэлсэн. Эндээс найман хүн буцахдаа бид ямар шаардлагаар буцаж байгаа юм гэдгээ хэн нь ч мэдэж чадаагүй.
-БИД ХААНА ХЭНД ХАНДАХАА МЭДЭХГҮЙ, ЯДАЖ ЭЛЧИНДЭЭ ХАНДМААР БАЙНА ГЭХЭД ХЭН Ч ТООГООГҮЙ-
Ямар шаардлагаар буцаж байгаагаа бид мэдчихээд буцмаар байна гэхэд хэн ч бидэнд хариулаагүй. Бид орчуулагч авмаар байна, яагаад хүний эрх зөрчөөд байна вэ гээд google translate ашиглаад хэлэхээр тоохгүй байсан. Дараа нь миний утсыг хорь гаруй минут шалгаад миний утсыг шууд компьютер луу холбосон гэж би хардаж байгаа. Тэгээд миний хэдэн сарын өмнөх чатыг хэвлээд гаргаад ирсэн. Тэгээд надаас гарын үсэг авах гэж байсан. Ширээн дээр нь миний утас цоожтой юм чинь миний хажууд шалгах юм байна гээд би гарын үсэг зурсан. Гарын үсэг зураад дуустал “Та манай улсад ажил хийх зорилготой байсан байна” гээд миний чатыг хэвлээд гаргаад ирсэн. Тэгэхээр нь би “Яагаад та нар миний хувийн орон зайд зөвшөөрөлгүй халдаж байгаа юм бэ. Энэ чинь хүний эрхийн зөрчил” гээд шууд өндөр дуугаар ярьсан. Гэтэл тэд “Май энэ дээр гарын үсэг зур” гэсэн. “Би зурахгүй. Утсаа авмаар байна” гэсэн. Тэгээд тэнд байсан найман хүн бидний нэгийг ч гэсэн хил нэвтрүүлчихээч гэж гуйсан. Нэгийг маань ч нэвтрүүлээгүй. Бид хаана хэнд хандахаа мэдэхгүй, ядаж элчиндээ хандмаар байна гэхэд хэн ч тоохгүй байсан.
-БИД БУЦААД ОЧИХ ЭХ ОРОНТОЙ УЛС. БИД ЮУНД НЬ АЙДАГ ЮМ ГЭЖ БУСДЫГАА ТАЙВШРУУЛСАН-
Зүгээр л битүү орчинд ямар цонхгүй газарт сандал дээр унтуулсан. Тийм орчинд хүмүүс үнэхээр сандарч, панигт ордог юм билээ. Тэнд байсан хүмүүс надаас “Эгчийнх нь даралт ихсээд байна. Эгч нь энд гарын үсэг зурах уу яах уу” гэж асууж байсан. Би “Битгий зур. Бид юунд нь айдаг юм. Бидэнд буцаад очих эх оронтой улс. Эдний өөдөөс хэлэх зүйлээ хэл” гэж тайвшруулсан. Солонгосын хилээр хүний өнгө үзэмжийг харж нэвтрүүлдэг юм байна гэж би ойлгосон. Хүсвэл нэвтрүүлдэг, хүсэхгүй бол нэвтрүүлдэггүй юм билээ. Дандаа өндөр настай эсвэл хүүхдүүд, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдийг оруулдаггүй юм билээ.