Нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, найман сартай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг энэ оны нэгдүгээр сарын 04 /2026.01.04/-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гарсан билээ.
Тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн хөрш айлынх нь 48 настай, эрэгтэй М.Батчулуун гэгчийг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар прокуророос М.Батчулуунд холбогдох хэрэгт 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр /2026.05.06/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүхээс М.Батчулууныг хүний амь насыг хөнөөсөн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлүүлэх шийдвэр гаргалаа.