Хантавирусын халдвар бүртгэгдсэн аяллын хөлөг онгоцтой холбоотой нөхцөл байдал хурцдаж, зорчигчдыг хүлээн авах боомтын асуудал улс төрийн маргаан үүсгээд байна.
Одоогоор уг хөлөг онгоц Африкийн баруун эрэг орчмын Кабо Верде улсын нийслэл Прая хотын ойролцоо зогсож байгаа бөгөөд ойрын хэдэн цагийн дотор гурван зорчигчийг агаарын түргэн тусламжаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Тэгвэл Канарын арлуудын удирдлага хөлөг онгоцыг нутаг дэвсгэртээ хүлээн авах эсэх дээр байр суурь зөрж байна. Тус бүсийн тэргүүн Фернандо Клавихо хөлөг онгоцыг зогсоохыг эсэргүүцэж, Педро Санчестай яаралтай уулзах хүсэлт гаргасан байна.
Харин Испанийн төв засгийн газар Тенерифе аралд хэд хоногийн дараа хүлээн авах боломжтой гэсэн байр суурь илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ MV Hondius хөлөг онгоцонд зорчиж явсан нэг хүн хантавирусын халдвар авсан нь батлагдаж, Швейцарт эмчлүүлж байгаа талаар албаныхан мэдээлсэн байна. Нийтдээ найман тохиолдол бүртгэгдсэнээс гурав нь батлагдсан, тав нь сэжигтэйд тооцогдож байгаа аж. Одоогоор Нидерландын хоёр иргэн болон Германы нэг иргэн нас барж, нэг Британийн иргэн Өмнөд Африкт эрчимт эмчилгээнд байгаа аж. Хөлөг онгоцонд нийт 150 орчим хүн, үүнээс 17 нь америк иргэн байгаа бөгөөд бүгд тусгаарлалтын дэглэмд байгаа аж.
ДЭМБ-аас хантавирусын халдвар хүнээс хүнд дамжсан байж болзошгүйг анхааруулсан ч олон нийтийн эрүүл мэндэд өргөн хүрээний эрсдэл үүсгэхгүй гэж үзэж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, нүүлгэн шилжүүлсэн гурван хүнийг Нидерланд руу хүргэсний дараа хөлөг онгоц Канарын арлууд руу чиглэх төлөвтэй байна. Испанийн тал хөлөг онгоцыг хүлээн авсны дараа нарийвчилсан шалгалт хийж, бүрэн ариутгал хийхээр төлөвлөжээ. Одоогоор хөлөг онгоцонд эрүүл ахуй, халдвар хамгааллын хатуу дэглэм мөрдөгдөж байгаа бөгөөд зорчигчид тусгаарлагдсан нөхцөлд байж, хоол хүнсийг бүхээгт нь хүргэж өгч байгаа аж. Зорчигчид гадна тавцанд богино хугацаагаар гарах боломжтой ч дотор орчинд бөөгнөрөхийг хориглосон байна.
Эх сурвалж: CNN