АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн ҮБХ-ны хурлаар АН-ын таван дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулахын зэрэгцээ Хяналтын ерөнхий хорооны ажиллах журам, Улс төрийн зөвлөлийн ажиллах журам, Бодлогын ерөнхий зөвлөлийн ажиллах журам, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журам, УИХ-д нэр дэвшигчийг тодруулах журам зэргийг батлах юм.
Хуралдаан 10 минутын завсарлага авах үеэр АН-ын ЕНБД-д нэр дэвшигч С.Баярцогт сэтгүүлчдийн асуултанд хариулж, байр сууриа хуваалцлаа. Тэрбээр “Манай нам анхнаасаа таван намын суурин дээр үүссэн. Дараа нь олон жижиг намууд ч нэгдсэн. Тэгэхээр бид олон ургальч үзлийн нэгдэл байдаг. Ойлголцохын тулд бүх хүн хойшоогоо нэг алхам ухрах ёстой. Энэ ажлыг хийх нь намын дарга, ЕНБД хоёрын үүрэг байдаг. Манайх өнөөдрийн байдлаар зургаан фракцтай байна. Нэг фракц маань эсрэг байр суурьтай байна . Энэ нь бид эвлэлдэн нэгдэж чадахгүй гэсэн үг биш. Энэнээс ч хэцүү зүйлийг туулаад гарсан ч бид нэгдэж 2024 оны сонгуульд амжилттай оролцсон. Энэ ажлыг би өөрөө анхнаас нь санаачилж, тэргүүлж хийсэн хүний хувьд манай нам эв нэгдлээ хангаж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Тийм ч учраас намын даргын саналыг хүлээж авсан. Гишүүдийн зүгээс эв нэгдлийг хангах, бас залуучуудын төлөөллийг намынхаа удирдлагад оруулаарай гэж байна. Миний хувьд бол төрийн өндөр албан тушаалуудыг 23 настайгаасаа хашиж байсан учраас залуу хүмүүст итгэл хүлээлгэвэл аваад явчих чадвартай гэдгийг мэдэж байгаа. Тиймдээ ч залуучуудаа дэмжиж ажиллаж байсан, цаашид ч дэмжиж ажиллах болно” хэмээсэн юм.
ВИДЕО: