Кремль В.Путины аюулгүй байдлыг эрс чангатгажээ

Кремль В.Путины аюулгүй байдлыг эрс чангатгажээ

Европын тагнуулын байгууллагын мэдээлэлд үндэслэн CNN агентлагийн мэдээлснээр, Кремль ерөнхийлөгч В.Путины хувийн аюулгүй байдлыг эрс нэмэгдүүлж, ойрын хүрээллийнх нь хяналтыг чангатгасан байна.

Энэ нь Оросын цэргийн дээд албан тушаалтнуудын дунд гарсан аллагын тохиолдлууд болон болзошгүй төрийн эргэлтээс болгоомжилсонтой холбоотой гэж тайланд дурджээ. Үүний хүрээнд В.Путины ойрын ажилтнуудын гэрт хяналтын систем суурилуулж, тэдний хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авчээ.

Тухайлбал, В.Путинтай ойр ажилладаг тогооч, бие хамгаалагч, гэрэл зурагчдыг нийтийн тээврээр зорчихыг хориглосон бөгөөд Кремльд нэвтрэх зочдыг давхар шалгах журам нэвтрүүлсэн байна. Мөн ойрын хүрээнийхэн зөвхөн интернет холболтгүй холбооны хэрэгсэл ашиглах шаардлагатай болжээ.

Тайланд дурдсанаар, Оросын аюулгүй байдлын байгууллагууд В.Путины зорчдог газруудын тоог эрс цөөрүүлж, зарим уламжлалт айлчлалуудыг зогсоожээ. Тухайлбал, Москва муж, Санкт-Петербург болон Валдай дахь ерөнхийлөгчийн амралтын баазад хийх айлчлал багассан байна. Мөн В.Путин 2022 онд Украинд дайн эхлүүлснээс хойш зарим үед бэхлэгдсэн бункерт удаан хугацаагаар байрлах болсон бөгөөд ихэвчлэн Хар тэнгисийн эрэг орчмын бүсэд байрладаг гэж мэдээлжээ.

Тайланд дурдсанаар, Кремлийн дотоод түгшүүр нэмэгдэж байгаа нь эдийн засгийн хүндрэл, улс төрийн санал зөрөлдөөн, Украинд явагдаж буй дайны нөхцөл байдалтай холбоотой аж. Барууны орнуудын тооцоолсноор Оросын хохирол сар бүр нэмэгдэж байгаа нь нийгэм, улс төрийн дарамтыг нэмэгдүүлж байгаа аж.

Мөн уг тайланд төрийн эргэлт гарах эрсдэл нэмэгдэж болзошгүйг онцолж, өндөр албан тушаалтнуудын дунд үл итгэлцэл гүнзгийрч байгааг дурдсан байна. Тухайлбал, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгугийн нөлөө хэвээр байгаа нь эрсдэл үүсгэж болзошгүй хэмээн үнэлжээ. Гэсэн ч эдгээр мэдээлэл нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд Кремлийн дотоод нөхцөл байдлын талаарх тагнуулын үнэлгээ гэдгийг эх сурвалжууд онцолсон байна. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: CNN