Ормузын хоолойд гацсан арилжааны хөлөг онгоцнуудыг чиглүүлэх ажиллагаагаа АНУ түр зогсоохоор болжээ

Ормузын хоолойд гацсан арилжааны хөлөг онгоцнуудыг чиглүүлэх ажиллагаагаа АНУ түр зогсоохоор болжээ

Д.Трамп Ормузын хоолойгоор дамжуулан арилжааны хөлөг онгоцуудыг чиглүүлэх АНУ-ын ажиллагааг мягмар гараг /2026.05.06/-ийн оройноос түр зогсооно гэж мэдэгдсэн.

Тэрээр ням гараг /2026.05.03/-т “Эрх чөлөөний төсөл”-ийг зарлаж, үүнийг Персийн буланд гацсан далайчдад туслах “хүмүүнлэгийн дохио” хэмээн тодорхойлсон юм. Харин АНУ-ын Төв командлал уг ажиллагааг бүс нутгийн аюулгүй байдал болон дэлхийн эдийн засагт “зайлшгүй шаардлагатай” гэж үнэлсэн.

Гэвч Ираны тал АНУ-ын цэргийн хүч Ормузын хоолойд нэвтрэх тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна хэмээн анхааруулсан байна. Ираны хэвлэлүүд АНУ-ын байлдааны хөлөг онгоц руу пуужингаар цохилт өгсөн гэж мэдээлсэн ч үүнийг АНУ-ын Төв командлал няцааж, АНУ-ын далбаатай хоёр худалдааны хөлөг онгоц Тэнгисийн цэргийн хамгаалалттайгаар хоолойг амжилттай нэвтэрсэн гэж мэдэгджээ.

Мөн Д.Трамп Ираны долоон “жижиг завь”-д цохилт өгсөн гэж мэдэгдсэн бөгөөд эдгээр нь АНУ-ын хамгаалалтад явж буй арилжааны хөлөг онгоц руу довтлохыг завдсан гэж тайлбарласан байна. Тэрбээр Fox News-т өгсөн ярилцлагадаа Иран АНУ-ын хөлөг онгоц руу халдвал “дэлхийн нүүрнээс арчигдана” хэмээн анхааруулсан юм.

Харин саяхан Д.Трамп Ирантай хэлэлцээ хийхэд “томоохон ахиц” гарсан, мөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Пакистаны хүсэлтийн дагуу уг ажиллагааг түр зогсоохоор болсон гэж мэдэгдсэн. АНУ-ын талын мэдээлснээр, Персийн буланд нийт 1550 гаруй арилжааны хөлөг онгоц, 22,500 орчим далайчин нөхцөл байдлын нөлөөнд өртөөд байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC