"20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр энэ өдрүүдэд “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл”-ийн нэмэлт, өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн танилцуулгыг намын бүлгүүдэд хийж эхлээд байна. Энэ төслөөр "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-г Засгийн газрын тусгай 26 сан дээр нэмж байгуулах гэж байна. Мөн өөр бусад ямар өөрчлөлтийг оруулж буй талаар түүнээс доорх хариултыг авлаа.
ВИДЕО:
-ТАТВАРАА ТӨЛ ДАРАА НЬ ЗАМАА ЗАСНА-
-Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, 2023 оны 12 дугаар сард УИХ-аар батлуулсан. Одоо ямар нэмэлт, өөрчлөлтийг оруулах гэж байна. "Сэлбэ" дэд төвийг орон сууцжуулахтай холбоотойгоор "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-г шинээр байгуулахаар төлөвлөжээ. Засгийн газрын 26 санг яая гэж байж нэмж сан байгуулах зайлшгүй шаардлага байсан уу. Та түгжрэл хариуцсан сайд байж орон сууцны төсөл бариад яваад байгаа нь бас анхаарал татаж байна?
-УИХ-аар батлагдсан хуулийг тэрний, энэний гэж хэлэх хэцүү. Энэ хуульд ямар учиртай өөрчлөлтийг оруулах шаардлагатай болсон бэ гэвэл, "Сэлбэ дэд төв"-ийг орон сууцжуулахтай холбоотой. Сэлбэд маш олон газар чөлөөлөлтийг хийж, орон сууц барих тендерийг зарлад байна. Тэнд сургууль, цэцэрлэг, зам харгуй, 10 мянган айлын орон сууцтай, дэд бүтэцтэй томоохон хотыг бий болгоно. Тэр орон сууцнуудыг буцаагаад газар чөлөөлөх ажилд ашиглана гэж байгаа юм.
-"Сэлбэ дэд төв"-д баригдах орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгох юм байна гэж ойлгосон. Санг яаж хөрөнгөжүүлэх юм бэ?
-Олон хэлбэрээр борлуулна. Санг байгуулж байж зохион байгуулалтыг хийхгүй бол борлуулсан орлогыг хаашаа хийх нь тодорхойгүй байна. Хотын төсөв рүү явах юм уу энэ бүхнийг тодорхой болгохгүй бол хуучин хуулиар орхигдуулсан байна. Цаашлаад энэ хуулид нэмэлт, өөрчлөлт оруулж байж машины оношилгоо зэргийг нийслэлийн эрх мэдэлд шилжүүлж байгаа юм. Хот энэ ажилд тодорхой хэмжээгээр оролцоотой байхгүй бол болохгүй байна.
Түүнээс одоо яригдаад буй шиг төлбөртэй бүс, төлбөртэй замыг бий болгохгүй. Хуучин хуулийн төсөл дээр байсан. Тодорхой хугацаанд нэмж шинээр татвар бий болгож болохгүй гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан учраас төлбөртэй бүстэй холбоотой хэссгийг хассан.
-Дахин энэ агуулгыг хөндөхгүй гэсэн үг үү?
-Ер нь төлбөртэй зам, төлбөртэй бүс байдаг зүйл. Гэхдээ олон төрөлтэй нийтийн тээвэртэй болсон цагт бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Та бид хоёрын яриад буй хуулиар Хотын дарга Х.Нямбаатарын эрх мэдэл нэмэгдсэн. Үр дүнд нь өнөөдөр хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас илүү хугацаагаар зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлдөг болж, иргэд Улаанбаатарын серитэй дугаарыг өндөр үнээр худалдан авч байна. Мөн ирэх сарын 01 /2025.06.06/ -ний өдрөөс 10-аас дээш жилийн насжилттай автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй болж байна. Энэ мэт тэрбээр бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж хүний хувийн өмчийг үнэгүйдүүлж, Үндсэн хууль зөрчиж байж болзошгүй шийдвэрээ гаргасаар байна. Энэ бүхэн таньд зөв санагдаж байна уу?
-Хувийн өмчтэй байна гээд бүгд машиндаа суучхаад хотдоо түгжрээд байж болохгүй.
-Түгжрэлийг та бүхэн бодлогоор шийдвэрлэх ёстой. Яагаад хүний өмчтэй байх, зорчих эрх зэрэгт халдаад байгаа юм бэ?
-Бодлого гэж юу юм. Төрийн зохион байгуулалт хийдэг бодлого бол ТАТВАРЫН БОДЛОГО. Өөр ямар бодлого байх ёстой юм. Гаалийн импортыг жишээ нь хязгаарлана.
-Шинээр зам барих, уулзваруудыг өргөтгөх, гүүр барих ямар ажил хийж байгаа юм бэ. Эхлээд та бүхэн замаа засчхаад хүний машин унах эрхийн талаар ярих ёстой биш үү?
-Шинээр зам тавих, уулзваруудыг өргөсгөх, дөрвөн замын уулзварыг хоёр түвшний болгох зэрэг бүх ажил чинь маш олон зуун тэрбумын төсөвтэй ажил. Тэгэхээр иргэдээс татвар авч байж таны хүсээд буй замыг өргөтгөнө. Дээрээс нь энэ ажлуудыг төлөвлөлт болон хөрөнгө дээр үндэслэж хийнэ. Мөнгөгүй бол яаж хийх юм бэ?
-БИ АЖИЛ ХИЙЖ БАЙНА ГЭЭД ӨГЛӨӨ БҮР ГОЁ ЮМ ЯРЬЖ ЧАДАХГҮЙ-
-Нийслэл маш их төсөвтэй ажиллаж байгааг та мэдэж байгаа?
-Чи бид хоёр машин унаж байна. Машинаар түгжрэлгүй явахын тулд татвар төлөх ёстой. Тэгэхгүй, татвар төлөхгүй байж замаа өргөтгө гэж болохгүй. Татварын орлогыг буцаагаад замын ажилд зарцуулж байгаа. Гэхдээ татварын төлбөртэй бүсийг одоохондоо хийх шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ үеийн үед "Иргэдээ бодъё, эсэргүүцэлтэй байна" гэж явсаар ийм байдалд орсон.
-Бодит байдал дээр Х.Нямбаатар дарга, та хоёрын шийдвэр үр дүнгүй байна. Ганц жишээ хэлэхэд, 20 мянган зарж байсан дугаарыг хязгаарласнаас болж үнийг нь хөөрөгдсөн. Энэ бүхэн чинь иргэдийг хүндрүүлээд байна?
-Үгүй ээ, үгүй. Хоёулаа машин унаад чөлөөтэй явъя гэвэл татвараа төлье. Тэр татварыг л зам засахад зарцуулъя гэж байгаа юм.
-Энэ жил тээврийн хэрэгслийнхээ татварыг бүх төрлийн нэмэлттэйгээр төлж байгаа. Тэр мөнгөөр та бүхэн энэ зун ямар зам тавих юм?
-Шинээ баригдах замын жагсаалтыг хот дээр гаргасан. Дөрвөн замын уулзварыг хоёр түвшнийх болгоно. Автомашины хураамжийг үнэхээр замын ажилдаа зарцуулж байна уу, үгүй юу гэдэгтээ л хяналт тавих хэрэгтэй. Татварыг судалгаатай нэмж байгаа.
-Та өнгөрсөн оны долдугаар сараас хойш түгжрэл хариуцсан сайдаар ажиллаж байна. Хүмүүс таныг юу хийж байгаа юм гэж эрэл, сурал болж байна. Та өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж, юуг амжуулав?
-"Би ажиллаж байна. Алга болоогүй" гэдгээ харуулах гэж өглөө бүр гоё юм ярьж чадахгүй. Тийм ч гоё юм хийнэ, ингэж ч ажиллаж байна, Хэдэнд болно гэж хэлж чадахгүй. Миний бодол бол маш урт хугацаанд мэргэжлийн түвшинд төлөвлөх ёстой. Гаднын зөвлөх ч авах ёстой. Төлөвлөх ажилд иргэдийг мөн өөрсдийг нь оролцуулах ёстой юм. Тийм учраас 14 хот гэж яриад байгаа юм. Гол зорилго нь төлөвлөлтийг хийхийн тулд иргэдэд хүргэх, тэдэнтэй зөвлөх, хамтдаа хэлэлцэж шийдвэрх гаргахын тулд 14 хотод хуваах гээд байгаа юм.
-Улаанбаатар хотын 14 хотод хуваах нь түгжрэл бууруулах ажилтай яаж холбогдож байгаа юм. Энэ ямар зорилготой юм. Иргэдийг хүндрүүлэх үү?
-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг өмнөх парламентын үед батласан. Нэг жил өнгөрсөн гэсэн үг. Зарчим нь зөв, дэлхий нийтээрээ энэ жишиг рүү явж байна. Том нөсөр хотоос илүү аль болох иргэдэд хүрэх тухай агуулга юм. 14 хотод хуваагаад тэнд амьдарч буй иргэдэд илүү төрийн үйлчилгээг хүргэх, хот төлөвлөлт зэргийг ойлгуулах юм. Сургууль, цэцэрлэг, соёлын үйлчилгээ гээд бүгдийг нь тэр хотоосоо авах боломжийг нээнэ.
-Одоогийн замбараагүй төлөвлөлт дээр ийм боломж бий болох уу?
-Энэ хуулийн талаарх иргэдийн мэдээлэл дутмаг байна. Цаашлаад шинээр байгуулагдсан УИХ-ын гишүүд ч энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй гээд маргаж байна. Тэгэхээр зургаадугаар сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжих байсан хугацааг нь тодорхой хугацаагаар хойшлуулаад маш сайн хэлэлцүүлэг хийхээр шийдвэрлэсэн.