УИХ-ын чуулганаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг боллоо.  

-ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСНААР ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА-

УИХ-ын гишүүн Ц.ИдэрбатУИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн мэдүүлсэн хуулийг төслийг хоёр шалтгааны улмаас дэмжиж байгаа. Нэгдүгээрт 200 мянган хүн хар жагсаалтад янз бүрийн шалтгаанаар орчихсон байдаг. Тиймээс хар жагсаалт бус санхүүгийн онооны жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ хууль батлагдсаны дараа, зээлийн хүү буурна. Зээлийн хүүд байгаа эрсдэлтэй хүчин зүйлс багасна гэдэг хүлээлт байгаа. Тиймээс энэ хууль батлагдсанаар тэтгэврийн болон бусад зээлийн хүү буурна гэдгийг хэрхэн тооцож байгаа вэ?  

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Зээлийн хүү буурна. Буурах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, банкууд эрсдэлээ тодорхойлдог болсноор эрсдэл нь буурна. Тэгэхээр өндөр оноотой буюу сайн зээлдэгч нараа урамшуулдаг болно. Мөн тэтгэврийнхэн зэрэг тогтмол зээл төлдөг хүмүүсийн зээлийн оноо өснө. Үүнийг дагаж эрсдэл буурна. Тэр нь зээлийн хүү буурснаар илэрнэ. Тэтгэврийн зээлийг банкууд сар болгон данснаас нь шууд суутгадаг буюу хамгийн эрсдэлгүй зээл. Хоёрдугаарт, зээл авахын тулд “таньдаг эдийн засагч байна уу?” гэх мэтээр хүнээр яриулах гэдэг нь байхгүй болно. Түүний оронд зээлийн оноогоо банкинд үзүүлж, тэр оноо нь тухайн зээлдэгчийг бүрэн илэрхийлэх учир шууд л санхүүгийн үйлчилгээ үзүүлэх суурь нөхцөл үүснэ. Манай хэдэн том банкууд харилцагчийнхаа мэдээллийн бие биедээ хуваалцдаггүй. Тэгэхээр зөвхөн тэр банкны нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авч байна. Харин онооны системийг нэвтрүүлснээр хүссэн банкнаасаа зээл авах боломж бүрдэнэ. Тэгэхээр банкууд зээлийн хүү, таатай нөхцөлөөрөө өрсөлдөх орчин бүрдэнэ. Цаашилбал, барьцаа хөрөнгийн шаардлага ч буурна. Зээлийн оноо нь санхүүгийн биет бус хөрөнгө гэсэн үг.
Банк, санхүүгийн байгууллагууд заавал арилжааны зээлтэй адилхан нөхцөл тавьж, тэтгэврийн зээлээр ашиг олох нь буруу гэж бодож байна. 

-ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭ БАГА БАЙХАД ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛД ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛОХГҮЙ-

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Энэ зээлийн төслийг дэмжиж байна. Монгол банк, Сангийн яамтай хамтраад иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулахад анхаарч ажилламаар байна. Нэг муу зээлийн түүх үүсчихэд, дараа нь тэрийг арилгахад хэцүү. Ингээд насан туршдаа шахам өндөр хүүтэй зээл авдаг, эсвэл зээл авч чадахгүй байдалд хүрнэ. Хоёрдугаарт ББСБ дээр зээл авахаас өөр аргагүй нөхцөлд хүргэж байна. Зээлийн түүх үүсээгүй байна гэдэг асуудал байдаг. Гуравдугаарт тэтгэврийн зээлийн асуудал дээр та бүхэн юу хийчхэв дээ. Яг үнэнийг хэлэхэд иргэдийн тэтгэвэр хангалттай их биш байгаа цаг үед хүмүүсийн аваад сурчихсан, хэмжээд сурчихсан, хэрэглээд сурчихсан, мөнгөнд хамаагүй гар хүрнэ гэдэг хэцүү асуудал шүү Монголбанкныхан. Судалгаа хийж байх гар хүрэхгүй дээ. Тэртээ тэргүй тэтгэврийн хэмжээ хангалттай биш байхад дээрээс нь нэмээд ингэж тэтгэврийн зээлийн хэмжээг хязгаарлана гэдэг хариуцлагагүй асуудал шүү.

Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: УИХ-ын гишүүдийн тавьсан асуултуудад хариулья. Түрүүнд Р.Сэддорж гишүүн болон Ц.Идэрбат гишүүн, Х.Булгантуяа гишүүн нар тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг хөндсөн. Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнгөрөгч гуравдугаар сард хуралдаж тэтгэвэр барьцаалж авч байгаа зээл дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийсэн. Зохицуулалтын хүрээнд зээл аваад зээлийн эргэн төлөлтөөс үлдэж байгаа хэсэг нь ахмад настны өөрийн амьжиргааг залгуулах хэмжээнд байх зохицуулалт хийж өгөөч гэдэг хүсэлтийг Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьсны үндсэн дээр бид бүхэн энэ зохицуулалтыг хийсэн байгаа. Монголбанк, Мөнгөний бодлогын хороо хараат бусаар хуралдаж шийдвэрээ гаргадаг. Дараагийн хурал хоёрдугаар улиралд хэлэлцэгдээд явна. Бид бүхний зүгээс энэ асуудлыг эргэн харах боломжтой гэж үзэж байгаа. Засгийн газраас тэтгэврийн зээлийн асуудал дээр буцаад хэвийн горимд нь оруулья гэдэг санал ирсэн. Зээлийн оноог нэвтрүүлснээр санхүүгийн зах зээл дээрх дэд бүтэц сайжраад үүнийгээ дагасан зээлдэгчийг таньж мэдэх функц арилжааны банк дээр илүү боловсронгуй болно.

-ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ИРГЭДЭД ОНОО ӨГӨХ СИСТЕМД ШИЛЖСЭНЭЭР ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖ НЭМЭГДЭНЭ-

УИХ-ын гишүүн Э.Батшугар: “Онооны системд нэгдсэнээр санхүүгийн хүртээмж нэмэгддэг. Ялангуяа анх удаа зээл авах гэж байгаа болон санхүүгийн үйлчилгээ авах гэж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн олон улсын судалгаа бий. Латин Америкийн улсуудад онооны системд шилжсэнээр анх удаа зээл авч байгаа иргэний тоо 16 хувиар нэмэгдсэн. Энэтхэгт бол бүр өргөн хүрээгээр нэмэгдсэн. Анх удаа зээл авах гэж байгаа иргэн дефольт оноо гээд анхдагч оноо байна. Эргэн төлөлтөө цаг тухайд нь хийгээд яваад байвал оноо нь өсөөд байна. Эргэн төлөлтөө хийхгүй бол оноо нь буурна. Одоо байгаа систем бол зээлээ төлөхгүй бол хар жагсаалтад ордог. Дараа нь зээлээ төллөө гэхэд зургаан жилийн ял нь хэвээрээ байгаад байдаг” гэсэн юм.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор 53 гишүүн буюу 54.6 хувийн саналаар санал дэмжигдлээ. Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллын дагуу санал хураав. 57 гишүүн буюу 58.8 хувийн саналаар санал дэмжигдлээ.