УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ 10 хувийг 1 хувь болгох иргэний санаачилгыг 100.000 иргэн дэмжиж санал өгсөн"-ийг дэмжиж хуулийн төсөл санаачлах асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа " Иргэн Р.Шинэгэрэл ХХОАТ-ыг 1 хувь болгох саналыг D -өргөдөлд байршуулсныг долоо хоногийн дотор 100 мянган иргэн дэмжсэн. Тиймээс УИХ-ын гишүүд бид иргэдийн ирүүлсэн саналыг хуулийн төсөл болгож ажиллах ёстой. Хуулийн төсөл болгох саналыг Ардчилсан намын бүлэг дэмжсэн. Саналаа ирүүлсэн дээрх 100 мянган иргэний 50 хувийг 18-25, 26-30 насныхан эзэлж байна. Энэ нь манай залуу үе татварын дарамтад маш ихээр өртөж байгааг илэрхийлж байна. Мөн тус 100 мянган иргэний 60 мянга нь Улаанбаатар хотоос холбогдож саналаа өгсөн байна. Бид нар хамтарсан Засгийн газрыг байгуулсан ч нам, намын мөрийн хөтөлбөрт татварыг буулгана гэсэн амлалтыг тусгасан. Засгийн газар ч үүнийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Өнөөдөр төсвийн зарлага асар их нэмэгдэж байгаа. Зарлагыг орлогоор бүрдүүлдэг. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 787 мянган иргэний 50 хувь нь 2 сая төгрөгөөс доош цалин авдаг. Жишээлбэл, 2.5 сая төгрөгийн цалинтай иргэн 2 сая төгрөгийн цалинг гар дээрээ авч байгаа. Харин компаниас нь 2.8 сая төгрөгийн зардал гаргадаг. Үүн дээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Сүүлийн үед татвар хураамж маш ихээр нэмэгдэж байгаа. Тухайлбал, Нийслэл хотын албан татвар 100 хувь, автомашины албан татвар 200 хувь, автозам ашигласны татвар 400 хувь нэмэгдсэн. Тэгэхээр энэ их татвар, хураамж иргэдэд дарамт болж байна.
ХХОАТ нь 2022-2023 оны хооронд 44 хувиар нэмэгдсэн. Төдий чинээ иргэдэд татварын дарамт ирж байгаа. Энэ жил дахиад 22 хувиар нэмэхээр төлөвлөжээ.
Гэтэл нөгөө талд улсын төсвийн зардал жил бүр 30 орчим хувиар нэмэгдэж байна. 2023-2024 онд л гэхэд 36 хувиар нэмэгдсэн. Энэ бүх зардлыг бүрдүүлэхийн тулд иргэдээс авах ёстой бүх татвараа авч байж бүрдүүлнэ. Харин бидний санаа бол иргэдийнхээ энэ их татварыг бууруулъя гэж байгаа юм. Иргэдэд бодит орлогыг үлдээмээр байна. Төсвийн зардлыг нөхөх зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлдэг. Тэгвэл одооноос төсвийн зардлыг бууруулж, иргэдэд үлдээх мөнгийг үлдээх ёстой. Татварын дарамтгүй болсноор иргэдийн бодит орлого нэмэгдэж, сүүдрийн эдийн засаг хумигдана мөн хүмүүсийн хөдөлмөрийн идэвх сайжирна. Цаашлаад худалдаа барааны эргэлт сайжирж, хөрөнгийн зах зээл идэвхжинэ. Тиймээс төсөвт тодотгол хийж, зардлаа бууруулах шаардлагатай" гэлээ.