Б.Тулга: Тэшүүрийн тамирчид Солонгос дасгалжуулагчийн хажуу өрөөнд амьдардаг байсан. Гэтэл салбар хороо тамирчдын 90 саяыг “идчихэж”

Б.Тулга: Тэшүүрийн тамирчид Солонгос дасгалжуулагчийн хажуу өрөөнд амьдардаг байсан. Гэтэл салбар хороо тамирчдын 90 саяыг “идчихэж”

Монголын тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер Б.Сумъяа энэ спортын тамирчдын бодит нөхцөл байдал, Монголын тэшүүрийн холбоо улсаас хэрхэн мөнгө авдаг байж болзошгүй тухай баримтуудыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Тэгвэл уг асуудлыг талаар  "Алдар" спорт хорооны тэшүүрийн дасгалжуулагч, спортын мастер Б.Тулгатай ярилцлаа.

ВИДЕО:

"ТАМИРЧИД МААНЬ ХҮЧНИЙ БЭЛТГЭЛТЭЙ ҮЕДЭЭ Ч ХООЛ МУУТАЙ, ӨДӨРТ ГАНЦ ХООЛ ИДДЭГ БАЙСАН"

-Тэшүүрчин Б.Сумъяагийн өөрийн цахим хуудсанд гаргасан мэдээлэл, баримтыг та харсан байх. Энэ баримт, мэдээлэл үнэн үү. Үндэсний шигшээ багийн тамирчдад үнэхээр энэ батлагдсан төсөв ирдэггүй байсан хэрэг үү.

-Шилэн дансанд ийм мэдээлэл байдаг, холбоо руу ингэж мөнгө шилжлээ гэдгийг мэддэггүй байсан. Улсын шигшээ багт хичээллэж байгаа дөрвөн тамирчны гурав нь Алдар спорт хороон дээр ч харьяалагддаг бөгөөд тэмцээн уралдаан,бэлтгэлд явахдаа Алдар спорт хорооноос тушаал гаргуулж явдаг. Үүнээс гадна очоод бэлтгэл сургуулилт хэрхэн хийж байгаа болон өдөр тутмын хоол хүнс гээд бусад асуудалд анхаарал тавьдаг. Тэгэхээр тамирчдын өгсөн мэдээлэл, шилэн дансны мэдээлэл дэндүү зөрүүтэй байна. Тухайлбал,

БНСУ-д наймаас есөн сар хүртэл хийсэн хамтарсан бэлтгэлийн үеэр хоол, байрны зардалд гэхэд 20 гаруй сая төгрөг төсөвлөж авсан байна. Гэтэл хүүхдүүд маань Солонгос дасгалжуулагчийнхаа хажуу өрөөнд байрлаж, хоолоо иддэг байсан. Хүүхдүүд минь хүндийн бэлтгэлтэй үед хоолоо ч хангалттай сайн идэж чадахгүй байсан. Зарим үед шигшээ багийн тамирчдыг "Мөнгө хүрэлцэхгүй байна, яасан их иддэг юм" гээд хоолны зардлын мөнгө хасаж байсан удаатай.

Хүүхдүүд маань одоо гайхаад байж байна. Энэ их хэмжээний мөнгө бидэнд төсөвлөж авсан юм байна гэж мэдэж авлаа.

-БНСУ-д хавар болон зун гээд хоёр удаагийн хамтарсан бэлтгэлд нийтдээ 150 орчим сая төгрөг төсөвлөж, БТСУХ-ноос танай салбар хороонд цохсон байсан. Тэгэхээр таны мэдээллээс үндэслэж үзвэл хоол, байрны зардлаас гэхэд 90 гаруй сая төгрөг “завшсан” байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаад байна

-Тийм ээ. Тус мэдээлэлд гарсан мөсний төлбөр, замын зардал бол үнэн байх. Мэдээж гарах ёстой зардал. Харин хоол, байрны мөнгийг завшсан байж болзошгүй л нөхцөл байдал үүсээд байна. Бид байр огт түрээсэлж байгаагүй. Харин хоолыг байж болох хэмжээгээр хэмнэж, хийж иддэг байсан.

"АНХНААСАА ЯВАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ ХҮНИЙ НЭР ДЭЭР ТӨСӨВ БАТЛААД БАЙГАА НЬ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА"

-БНСУ-д хийсэн бэлтгэлийн төсвөөс гадна гарсан нэг баримт бол Дэлхийн цомын тэмцээний зардал. Гэтэл тамирчидад маань өөрсдийн зардлаар эрхээ хамгаал гэж хэлсэн байсан. Энэ үнэн үү?

-Манай шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гэрэлтуяа олимпод оролцох эрхээ хийгээд ДАШТ-д оролцоод явж байсан. Гэтэл 2025 оны 7 сарын 1-нд норматив нь шинэчлэгдээд оролцох эрхгүй болчихсон юм. Гэтэл өнгөрсөн есөн сарын 11-нд БНСУ-д хийж байсан бэлтгэлийнх нь үеэр Монгол руу буцаачихсан. Гэтэл есөн сарын 30 хүртэл төсвөө батлаад аваад явчихсан байна шүү дээ. Мөн дэлхийн цомынхоо эрхийн тэмцээндээ өөрийнхөө зардлаар орвол ор гэж хэлээд гадаад паспортыг нь өгсөн байгаа юм.

Улмаар 10-р сарын 06-20-ны өдрүүдэд Канад улсад болсон Дэлхийн цомын тэмцээнд гурван хүн явсан хэмээн 45 сая төгрөг батлуулж авсан байна. Тэр нь болохоор ОУХМ Э.Мөнх-Эрдэнэ, дасгалжуулагч Б.Бат-Оргил, ОУХМ Б.Гэрэлтуяа гэсэн гурван хүний төсөв. Гэтэл нэг л хүн тус тэмцээнд явсан. Угаасаа л тамирчин Б.Гэрэлтуяа дэлхийн цомын эрх хийгээгүй учраас тус тэмцээнд оролцох эрхгүй байсан шүү дээ.

Яагаад мэдсээр байж нэрийг нь оруулж төсөв авсан бэ гэх асуулт гарна шүү дээ. Харин дасгалжуулагч Б.Бат-Оргил олон жил Америкт харлаж ажиллаж, амьдарсан учир виз гарахгүй. Эндээс гурван тамирчны 45 сая төгрөгийн 15 сая төгрөг л хэрэглэсэн байх. 30 сая төгрөг буцаагдсан гэж би лав бодохгүй байна. Анхнаасаа явах эрхгүй хүний нэр дээр төсөвлөж авсан байна шүү дээ.

 

-Дэлхийн цомын тэмцээнд оролцох хэд хэдэн төсөв баталж авсан байсан.

-Залуучуудын дэлхийн цомын АШТ Казахстан улсын Астана хотод зохион байгуулагдаж байгаа. Маргааш нэг тамирчин маань уралдах гэж байна. Тус тэмцээнд шигшээ багийн тамирчин н.Борхүү оролцож байна. Гэтэл тус тэмцээнд мөн л хоёр хүний нэр дээр төсөв баталчихсан байна. Дасгалжуулагч нь Солонгос улсад байсан. Явахгүй гэдэг нь тодорхой хүний нэр дээр төсөв баталсан. Тэгээд яг явах болоход албаны хүн гээд Холбооны нарийн бичгийн дарга өөрийнхөө охиныг явуулчихсан. Мэдээж, тэр хүн өөрийнхөө зардлаар явсан байж болно үгүйсгэхгүй. Гэхдээ би хардах эрхтэй. Явахгүй нь тодорхой дасгалжуулагчийн нэр дээр төсөв баталж аваад өөр хүн явуулсан байна гэж хардаж байна.

"ОДОО ДЭЛХИЙН ЦОМЫН ЭРХ ХИЙСЭН НЭГ Л ТАМИРЧИН БАЙНА"

-Мөнгө завшдаг байж болзошгүй хэд хэдэн баримтыг ярилаа. Энэ байдлаараа бид өвлийн олимпод оролцож чадах болов уу?

-Ер нь бол хэцүү л байна. Одоо 11 энэ сарын 20-нд Дэлхийн цомын хоёр цуврал тэмцээн болно. Тус цуврал тэмцээнд орж чадахгүй бол өвлийн олимпод орохгүй. Одоо угаасаа эмэгтэй тамирчин маань орж чадахгүй болсон. Одоо дэлхийн цомын эрх хийсэн нэг л тамирчин байгаа. Тэр хоёр тэмцээнд сайн оролцох хэрэгтэй байна. Төсөвлөөд батлаад өгчихсөн мөнгө маань хүндээ зарцуулж чадахгүй байгаад сэтгэл дундуур байна. Дэмжих боломж нөхцөл хангалттай байсан байна.

-Та дэлхийн цомын эрхтэй ганц тамирчин байна гэлээ. Гэтэл Польш улсад болох тус тэмцээнд гурван хүн оролцоно хэмээн 60 орчим сая төгрөг төсөвлөсөн байна.

-Тийм ээ. Энэ шилэн дансны мэдээлэл гарч ирээгүй бол хэн ч мэдэхгүй байлаа. Эмэгтэй тамирчин маань явахгүй нь тодорхой байна. Хамгийн гол нь энэ мөнгөө буцааж татдаг болов уу. Цаашлаад эргэж тайлан гэх мэт зүйлс гаргаж өгдөг болов уу гэж бодож байна. Анхнаасаа явахгүй нь тодорхой хүний нэр дээр төсөв батлаад байгаад хардаж байна.

"Б.ТУЛГА ДЭЭР БЭЛТГЭЛ ХИЙХ ЮМ БОЛ ГАДАГШАА ТЭМЦЭЭНД ЯВАХГҮЙ ШҮҮ ГЭЖ ДАРАМТАЛДАГ БАЙСАН"

-Та бүхэн өмнө нь харж байгаагүй зүйлээ мэдлээ гээд тэгж байна л даа. Холбоондоо ямар нэгэн шаардлага тавих уу?

-Ер нь зарим дасгалжуулагч нар шаардлага тавьдаг. Заримыг нь хүлээж авдаг. Заримыг нь огт хүлээж авдаггүй. Шаардлага тавиад эхлэхэд сүрдүүлэх ч юм уу тийм зарчмаар хандаад байдаг. Жишээлбэл, ЧД-ийн БТСГ-ын дасгалжуулагч н.Энхбат өнгөрсөн өвлийн тэмцээн дээр шүүгч нь буруу шүүчихлээ гэсэн шаардлага тавьсны төлөө тус тамирчныг тэмцээн үймүүлсэн гээд арга хэмжээ авах албан бичиг өгч байсан. Ийм дарамталсан зүйлүүд байгаад байхаар хүүхдүүд хүртэл айдастай болж байна. Энэ дасгалжуулагч дээр бэлтгэл хийвэл намайг гадагшаа тэмцээнд явуулахгүй гэсэн тэгсэн гэх мэт.

-Та өнөөдөр хэвлэл мэдээлэлд нээлттэй ярьчихлаа. Танд одоо дарамт шахалт ирэх болов уу?

-Би Алдар спорт хорооны тамирчдаасаа гадна өсвөрийн тамирчдаа бэлддэг байсан. Гэтэл холбооноос чи Б.Тулга дээр бэлтгэл хийх юм бол гадагшаа, дотогшоо тэмцээнд явахгүй шүү гэж дарамталдаг байсан. Иймд би хүүхдүүдээ бодоод тэр ажлаа өгсөн. Одоо Алдар спорт хорооны удирдлагууд руу цаашлаад БХЯ руу бичиг хүргүүлэхийг ч үгүйсгэхгүй. Намайг худал мэдээлэл тараалаа гээд мэдэгдэл хүргүүлэхийг ч үгүйсгэхгүй.

"ӨВЛИЙН СПОРТОО ДЭМЖИХГҮЙ БОЛ УСТАЖ ҮГҮЙ БОЛЛОО"

-Ер нь бэлтгэл сургуулилт хийх нөхцөл байдал яг хөрсөн дээрээ ямар байдаг вэ?

-Бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломж их муу. Ганц стандартын мөс нь Хандгайтын мөсөн гулгуурын талбай. Гэтэл Хандгайтын мөсөн гулгуурын талбайд очиж бэлтгэл хийчхээд ирэхэд бүтэн өдөр өнгөрчихдөг. Яагаад гэвэл өвлийн хүйтэнд мөсөн дээр гарахын тулд 12-1 цагийн хооронд л гардаг. 12 цагт амжихын тулд өглөө 9 гэж гараад орой гэртээ орж ирдэг. Ийм учир хүүхдүүдээ энэ спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо цөөн байдаг.

-Гэхдээ бидэнд потенциал бий гэдгийг харуулсан шүү дээ.

 -Тийм ээ. 2016 онд тэшүүрийн холимог багийн төрөлд алтан медаль авлаа. Монголд байгаа боломжоороо дэлхийн цомын эрхийг өөрийнхөө цагийн нормативаар хийдэг боллоо. Хэзээ ч Монгол хүн шот рекийн төрлөөр ДАШТ-д орж үзээгүй. Ялангуяа эмэгтэй хүн. Тэгэхээр багахан дэмжлэг л хэрэгтэй байна. Ингээд өдөр, хоногийг аргацаасан байдлаар явах биш бодлогоор дэмжих хэрэгтэй байна.Степпе Аренад бэлтгэл хийх цаг гаргах боломжтой шүү дээ. Өвлийн спортыг дэмжихгүй бол устаж үгүй боллоо. Алдар спорт хороон дээр хичээллэж байгаа 4 тамирчин л энэ спортыг авч явж байна. Доороос гарч ирэх ундарга нь байхгүй боллоо. Хөдөө орон нутаг руугаа чиглэсэн үйл ажиллагаа байхгүй боллоо. Хөдөө орон нутгийн багш нар гол дээр бэлдэж байгаад ирдэг. Тэгээд Хандгайтад таван ханатай гэрт 20-уулаа ингээд байрлаад л бэлтгэл хийдэг. Энэ нөхцөл байдалтай дэндүү удлаа.

-Холбоо уг нь маш чухал үүрэгтэй байгууллага шүү дээ. Төр, тамирчин хоёрын гүүр гэж хэлж болохоор.

-Тийм ээ. Ер нь холбоо ТББ. Тэшүүрээр хичээллэдэг бүх хүний эрх ашгийг хамгаалах гэж бүх хүний одоо саналаар бий болсон байгууллага. Тэгээд биднийг төлөөлөх гэж байгаа хэр нь бидний эсрэг байгаад байна. Ашиг сонирхлын зөрчил, мөнгөний лобби юмнууд их байна. Холбоо чинь Удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч, хяналтын зөвлөлтэй зэрэг бүтэцтэй. Ерөнхийлөгч нь бол Дамдины Болормаа гээд хүн бий. Харин холбооны нарийн бичгийн даргаар н.Нарангэрэл гэж хүн ажилладаг. Ерөнхийлөгч нь бид нартай ерөөсөө харьцдаггүй, ханддаггүй.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө