Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө.
Тэрээр “Энэ жилийн улсын төсвийн төсөлд Улаанбаатар хотод хоёрхон сургууль барихаар тусгасан байна. Энэ нь шинээр баригдаж байгаа Ногоон нуур 1008 айлын орон сууцанд баригдах сургууль, цэцэрлэг юм. Ингээд өөр сургуулийн бүтээн байгуулалт ирэх оны улсын төсөвт тусгагдаагүй байна. Гэтэл ирэх оны улсын төсөвт Архангай аймагт 13 сургууль, Хөвсгөл аймагт 18, Өвөрхангай аймагт 10 сургууль барихаар төсөв өргөн барьжээ. Орон нутагт сургууль барихыг эсэргүүцээгүй ч 1,6 сая амьдарч байгаа Улаанбаатар хотод сургуулийн хүртээмж, анги дүүргэлт зэрэг ямар байгааг бодолцох хэрэгтэй байна. Нийслэлд нэг нэг анги дунджаар 50-60 хүүхэдтэй байна. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Нийслэлд 35 хүүхэдтэй хичээллэж байгаа анги бараг байхгүй. Нийслэлд нэг ангийг 35 хүүхэдтэй байлгахын тулд 83 сургууль барих хэрэгтэй. Энэ жил 33 сургууль барих төлөвлөгөөтэй байсан. Үүнээс хоёр нь энэ жилийн улсын төсөвт суусан байна. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн их засварын ажил улсын төсөвт огт суугаагүй. Улаанбаатар хотын 370 гаруй цэцэрлэгийн 56 хувь нь 16-аас дээш жилийн насжилттай. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа 178 сургуулийн 52 хувьд их засвар орох шаардлагатай байна. Ирэх оны төсвийн төсөлд энэ бүхэн суугдаагүй байна. Сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг мөн адил шинэчлэх хэрэгтэй байна. Энэ мэт олон асуудал байна. Иймд салбарынхаа хөрөнгө оруулалтыг сайд нь хамгаалах хэрэгтэй байна. Ирэх онд дахиад л сургууль, цэцэрлэгийн хүртээмж, тоног төхөөрөмж, сандал ширээ зэрэг хэрүүлээ хийх болох нь” гэжээ.
ВИДЕО: