ШУУРХАЙ: "Өнөр бүл" асрамжийн төвд амьдардаг байсан хүүхдүүд бүлэглэн гэмт хэрэг үйлдэн, хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ

ШУУРХАЙ: "Өнөр бүл" асрамжийн төвд амьдардаг байсан хүүхдүүд бүлэглэн гэмт хэрэг үйлдэн, хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ

"Өнөр бүл" хүүхэд асрамжийн төвд амьдардаг байсан хүүхдүүд бүлэглэн зэвсгийн чанартай зүйл ашиглан гэмт хэрэг үйлдэж, нэг нь хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ. 

Тодруулбал, тус төвд амьдардаг байсан Б.А нарын өсвөр насны долоон хүүхэд бүлэглэн зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг дээрэмдэж, улмаар биед нь халдаж, нэг нь хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэгт холбогдсон байна. Тухайн хэрэг өнгөрсөн долоо хоног /2025.10.30/-т Баянзүрх дүүрэгт гарсан бөгөөд дээрх нэр бүхий хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж, улмаар тээврийн хэрэгсэл ашиглан зугтаж явахад нь хууль хяналтын байгууллагын алба хаагчид илрүүлэн, шалгаж эхэлжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн өсвөр насны хүүхдүүдийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, 

  • 2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж
  • 2.2.бусдын эд хөрөнгийг дээрэмдэж;
  • 2.4.бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэх зүйл заалтаар яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа аж. 

Харин дээрх нэр бүхий өсвөр насны хүүхдүүд нь "Өнөр бүл" хүүхдийн төвөөсөө зугтаж гараад, дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй байгаа юм байна.

Ямартай ч бүлэглэн гэмт хэрэг үйлдэж, хүний амь насыг хохироосон хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хүүхдүүдээс хүнийг алах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан өсвөр насны хүүхэд болох Б.А-г нь цагдан хорьж, шалгаж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдүүд нь өмнө нь ч хэд хэдэн удаагийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан гэх мэдээлэл байна. Харин тэднийг ямар шалтгаанаар өмнө нь цагдан хорьж шалгаж байгаагүй нь анхаарал татаж байгаа юм.  Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө