Олимпод амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг  хуульд заасан нөхцлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгох өөрчлөлтийг Харьяатын тухай хуулинд оруулна

Олимпод амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг хуульд заасан нөхцлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгох өөрчлөлтийг Харьяатын тухай хуулинд оруулна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Ганхуяг, П.Сайнзориг нарын гишүүд Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал,  Харьяатын тухай хуулийн 9.3 дахь хэсгийн “мэргэшил эзэмшсэн” гэсний дараа “олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд, эсхүл” гэж нэмэх саналыг боловсруулжээ. 

-ОЛИМПЫН ХӨТӨЛБӨРТ БАГТДАГ СПОРТЫН ТӨРЛӨӨР ХИЧЭЭЛЛЭДЭГ ТАМИРЧДЫН НЭГДСЭН ТОО ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

Биеийн тамир, спортын улсын хорооноос гаргасан албан ёсны статистикаар Монгол Улсад 2023 онд нийт 140932 тамирчин бүртгэгдсэн байна. Нийт тамирчдын дийлэнх хувийг буюу 68214 (48.4%) нь спорт тоглоом, 23798 (16.9%) нь үндэсний спорт, 15824 (11.2%) нь халз тулаан, хүчний спорт, 17406 (12.4%) оюуны спорт, 12423 (8.8%) хэмжигдэхүүнтэй спорт үлдсэн 3267 (2.3% пара болон цэрэгжилтийн спортын тамирчид байна.

Харин олимпын хөтөлбөрт багтдаг спортын төрлөөр хичээллэдэг тамирчдын нэгдсэн тоо  дээрх мэдээлэлд тодорхой  байхгүй байгаа юм. 

Тиймээс манай улс олимпын наадмын хөтөлбөрт багтдаг спортын бусад төрлийг болон багийн спортыг хөгжүүлэх, хүний нөөц бэлтгэх, амжилт гаргах боломжийг нэмэгдүүлэхэд тамирчид, спортын холбоод, клубууд, зүтгэлтнүүдийн оролцооноос гадна төрөөс эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ. 

Манай улс  олимпын түүхэн хугацаанд медаль авсан  спортын төрөл нь жудо, чөлөөт бөх, бокс, буудлагын спорт  байдгийг дээрхэ хүснэгтээс харж болно

Тэгвэл тэр нь спортын салбарын шилдэг төлөөлөгчдийг иргэншил олгох байдлаар Монгол руу татах, тэдний ур чадварыг ашиглаж залуу шинэ үеэ бэлдэх зорилго байх аж. Монгол Улс гадаад улсын тамирчдыг улсынхаа нэрийн өмнөөс спортын тэмцээнд оруулах шаардлага байгаатай зэрэгцэн Монголын тамирчид ч бусад улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцож байна. Тухайлбал жүдо бөхийн тамирчин Г.Отгонцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улс, буудлагын спортын тамирчин Д.Мөнхбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн болж тус улсын нэрийн өмнөөс олимп дэлхийн тэмцээнд оролцон амжилт гаргасныг онцолж болох юм.

-ИРАНЫ ЖҮДО БӨХИЙН ТАМИРЧИН МОЛЛАЕЙ САЕИД НЬ МАНАЙ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ОЛИМПОД БАРИЛДАЖ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН-

Харин манай улсын хувьд Ираны жүдо бөхийн тамирчин Моллаей Саеид нь Монгол Улсын иргэн болж олимпын мөнгөн медаль хүртэн амжилттай оролцсон, Монгол Улсад зохион байгуулагдсан шайбтай хоккейн IV дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдыг амжилттай дасгалжуулсан Оросын Холбооны Улсын иргэн Бату нарыг дурдаж болно. Мөн хөлбөмбөгийн холбоо, сагсан бөмбөгийн холбоо болон бусад спортын мэргэжлийн холбоодоос өндөр түвшний мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчдыг Монгол Улсын харьяат болгож, Монголын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцуулах хүсэлт удаа дараа ирүүлж байгаа зэрэг бодит шаардлагууд гарсаар байна.

Тэгвэл УИХ-аас 1995 онд  баталсан Харьяатын тухай хуульд Монгол Улсын харьяат болох нөхцөлийг амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх, Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байхаар заасан байдаг.

Мөн хуульд Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох зохицуулалт хүчин  төгөлдөр үйлчилж байна.

Иймд хуулийн дээрх зохицуулалтад олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргах боломжтой гадаадын иргэнийг хамааруулах зохицуулалтыг нэмж тусгаснаар дэлхийн хэмжээний өндөр амжилт гаргасан гадаадын тамирчдыг Монгол Улсын иргэн болгон улсын нэрийн өмнөөс оролцуулж олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргах боломж нэмэгдэж, дотоодын тамирчдад мэдлэг, ур чадвар, арга барил дамжуулах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид тайлбарлажээ. 

Улс орнууд спортоор дамжуулан, үндэстний амин чанар, бахархлаа улам бэхжүүлэх, шинэ залуу үеийнхэнд үндэстний үнэт зүйлсээ таниулах, бэхжүүлэх, хүсэл мөрөөдөлтэй болгох зорилготой ажиллахын зэрэгцээ спорт түшиглэсэн аялал жуулчлал, үзвэр, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

2024 онд Монгол Улсад биеийн тамирын салбарт үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тус салбарынхан тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ салбарын мэргэжилтнүүд ийнхүү түүхэн хугацаанд гаргасан оломж амжилт, алдаа сургамжид анхааран хандуулж дүгнэсэн арга хэмжээг олон удаа зохион байгуулж хэлэлцүүлсэн байна.  Ялангуяа нийтийн биеийн тамир, үндэсний спортоос гадна олимпын спортын төрлийг дэмжин хөгжүүлэх, спорт дахь хүний нөөцийг бэлтгэх, энэ талаар дэвшилтэд алхам хийх  шаардлага  байсаар байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

Тиймээс Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч  тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулга бүхий нэмэлт оруулахаар боловсруулсан байна. 

Ингэснээр дэлхийн хэмжээний өндөр амжилт гаргасан гадаадын тамирчдыг Монгол Улсын иргэн болгон улсын нэрийн өмнөөс оролцуулж олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргах боломж нэмэгдэж, дотоодын тамирчдад мэдлэг, ур чадвар, арга барил дамжуулах нөхцөл бүрдэх юм. Мөн олон улсын өндөр зэрэглэлийн тамирчид Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцсоноор залуучуудын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чухал нөлөөтэй.