УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Тодруулбал, тус хуулийн 6 дугаар зүйлд,
6.4. "Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ" гэсэн заалтыг нэмж тусгахаар хуулийн төслийн өөрчлөлтийг боловсруулжээ. Тайлбар: - Хэрэв 6 хоног дараалан нийтээр тэмдэглэх баярын өдрүүд Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа, Мягмар гарагт тохиож байвал дээрх зохицуулалтаар, Бямба болон Ням гарагт тохиох баярын өдрийг дараагийн ажлын өдрүүд буюу Лхагва, Пүрэв гарагт тус тус шилжүүлнэ.
2 дугаар зүйл.Энэ хууль батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль анх 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, нийт 17 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тус хуулийн 4 дүгээр зүйлд 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын ойн баярыг, Цагаан сарыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд, Шинэ жилийг 1 дүгээр сарын 1-ний өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 3 дугаар сарын 8-нд, Хүүхдийн баярыг 6 дугаар сарын 1-ний өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг 12 дугаар сарын 29-ний өдөр, Их Эзэн Чингис хааны өдрийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг 11 дүгээр сарын 26-нд, Бурхан багшийн Их дүйчин өдрийг билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тус тус тогтоосон байна. Хууль санаачлагчид тус хуулийг боловсруулах болсон шалтгаанаа "Манай улс өргөн уудам газар нутагтаа хэдэн зууны туршид нүүдлийн мал аж ахуй эрхэлж өдийг хүртэл уламжлагдан ирсэн билээ. Энэхүү уламжлалтай уялдуулан Цагаан сарын баярын өдрүүдээр орон нутагт амьдарч буй аав ээж, садан төрлүүддээ очиж золгох, урин дулааны цаг - Үндэсний их баяр наадмаар (аймаг, сум) хүчит бөхийн барилдаан, мэргэн сурын харваа, хурдан морины уралдаан үзэж наадамлах зэрэг цаг хугацаа нэлээдгүй зарцуулах баярын өдрүүд амралтын өдрүүдэд давхацсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх асуудал тодорхойгүй байх тул ахуй амьдралдаа нийцсэн зохицуулалтыг хуульд тусгах, эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх зохицуулалтыг тусгасан байдаг. Харин бүх нийтээр амрах өдөр нь ажлын өдөр таарсан тохиолдолд уг хуулийн зохицуулалт хэрхэн шийдэгдэх эсэх нь ард иргэдийн дунд хүлээлтийг үүсгэж байна. Харин уг хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Нийтээр амрах баярын өдрүүд ажлын өдөр таарсан тохиолдолд хэрхэх асуудлыг хуулийн зохицуулалтаар шийдвэрлэх ач холбогдолтой юм" гэж тайлбарлажээ.