ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг санхүүгийн схем зохиож Төв аймгийн нутаг дахь Төгрөг нуурын ордыг 250 сая ам доллараар гадныханд худалдсан талаар мэдэгдэж одоо ч тус сэдвийг тойрсон хэрүүл улс төрд үргэлжилж байна.
-Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХӨДӨЛЖ ӨГӨӨГҮЙ УЧИР Н.УЧРАЛААР ХИЙЛГЭЖЭЭ-
Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгах ажлыг хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулан байгуулж, холбогдох бүх баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Үргэлжлүүлэн хуулийн байгууллагаас шалгах бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл одоохондоо энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, хэвлэлийнхнээс бултаж байгаа.
Түүнийг Х.Баттулгын хүн гэгддэг учир эрх ашиггүй шалгаж чадах уу гэх хардлага ч бий. Тэгвэл эл асуудлыг “бүр дээрээс” том чулуугаар хөдөлгөж буй учир Х.Баттулгыг шалгаж, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татуулж цаашлаад яллах хүртэл үргэлжлэх зохиолтой яваа аж.
Тийм ч учраас 2028 оны сонгуульд МАН-ын дүрх төрх болж Ерөнхий сайд болох төлөвлөгөөг өвөртөлж яваа Н.Учралаар энэ улс төрийг гардан хийлгүүлжээ. Тэр зүгээр л богино зайны улс төрд Х.Баттулга болон тэднийхэнтэй үзэлцэхгүй бөгөөд маш том зорилготой, тохироотой ажиллаж буй нь тодорхой. Угтаа бол “бүр дээрээс” аль эрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уг захиалгыг өгч үүрэгдсэн ч тэрбээр хөдөлж өгөөгүй гэх мэдээлэл байна. Үүнээс үзвэл Төгрөг нуурын ордыг зарчихсан хэргийг шалгах цаашлаад 34 хувийг баялгийн санд авах нь энэ улс төрийн эцсийн зорилго биш гэдэг нь тодорхой байна.
- 2027 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДАХИН НЭР ДЭВШИХ ҮҮ, 2028 ОНД МАН Н.УЧРАЛ ГЭДЭГ ДАРГАТАЙ, ЕРӨНХИЙ САЙДТАЙ БОЛОХ УУ ГЭДЭГ АСУУДАЛ ХОЛБОГДОНО-
Харин гол зорилго нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэр дэвших үү, 2028 онд МАН Н.Учрал гэдэг даргатай, Ерөнхий сайдтай болох уу гэдэг асуудал хөндөгдөж тэр бүгдийг эхлүүлж байна гэсэн үг юм.
Сануулахад, Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бий. Улс төрчид энэ залтаас “Зөвхөн нэг удаа” гэснийг хасахаар хуйвалдаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1-д орсон “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх”-д хяналт тавина гэсэн заалтыг хүчингүй болгох замаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өөрчилж магадгүй байгаа. Үр дүнд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг сонгуульд хоёр дахь удаа өрсөлдүүлэх байдлаар, эсвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох байдлаар бүрэн эрхийн хугацааг нь сунгаж өгөх зорилго нуугдаж байхыг үгүйсгэхгүй байгаа. Гэхдээ хуулиа өөрчлөхөөс өмнө зарим нэг хүнийг улс төрөөс холдуулах зайлшгүй шаардлага бий нь ч үүнтэй холбоотой байж магадгүй юм.