“Шинэ Хархорум” хотын төв талбайг байгуулах зэрэгт 30 тэрбумыг төсөвлөсөн ч, шинэ хотын цахилгаан, зам, дэд бүтцэд нэг ч төгрөг тавьсангүй

“Шинэ Хархорум” хотын төв талбайг байгуулах зэрэгт 30 тэрбумыг төсөвлөсөн ч, шинэ хотын цахилгаан, зам, дэд бүтцэд нэг ч төгрөг тавьсангүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргаснаа 2022 онд зарласан билээ. Улмаар Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж, УИХ нэгдүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг баталсан юм. Ийнхүү Ерөнхийлөгчийн зарлигт эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, Монгол Улсын хөгжлийн шинэ төв байгуулах томоохон төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

-ШИНЭ ХАРХОРУМЫН ТЭЗҮ, ЗУРАГ ТӨСӨЛД ӨНГӨРСӨН ОНД 30 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ СУУЛГАСАН-

Шинэ Хархорум хотыг байгуулахаар Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амьдрахад зориулан төлөвлөх юм. Улмаар 2024 оны төсөвт “Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах санхүүжилтэд 30 тэрбум төгрөг төсөвлөж хот төлөвлөлтийн зураг төслийг шалгаруулсан.

Тэгвэл 2025 оноос эхлэн Шинэ Харихорумыг төв цэгээс эхлэн барьж эхэлнэ хэмээн мэдээлж буй. Гэвч ирэх жилийн төсөвт шинэ хот байгуулахад нэн тэргүүнд шаардагдах хурдны зам, цахилгаан эрчим хүчинд мөнгө төсөвлөсөнгүй мөртлөө "төв цэгийг эхэлж барина" хэмээж буй. Инженерүүдийн хэлж буйгаар хот байгуулахдаа эхлээд дэд бүтцийг шийдэх буюу хурдны зам тавих, хурдан галт тэрэг тавих, авто замыг хийх ёстой.  Гэвч энэ жил эхлэх Шинэ Хархорумын бүтээн байгуулалтад эдгээр дэд бүтцийн ажилд нэг ч төгрөг тавигдаагүй байна.

Мөн Хотын төв цэгийг товлон өнгөрсөн оны есдүгээр сард геодезийн тэмдэг тавьсан бөгөөд төв цэгээс эхлэн бусад төлөвлөлтүүдээ хийнэ хэмээн мэдээлж буй

Мөн Олон улсын зэрэглэлийн нисэх буудлыг хотын төвөөс 50 км-ийн дотор байгуулах гэнэ. Мөнх хааны үед Хархорум хотын суу алдар дэлхий даяар түгэн мандсан түүхтэй тул нисэх буудлыг “Мөнх хаан” гэж нэрлэхээр төлөвлөсөн. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудал зургаан гарцтай бол “Мөнх хаан” 18 гарцтайгаар төлөвлөсөн бөгөөд “Шинэ Хархорум”-д байгуулах нисэх буудлын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 1 тэрбум төгрөгийн тендер зарлажээ.

-ИРЭХ ЖИЛ ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫГ ТӨВ ЦЭГЭЭС ЭХЛЭН БАРЬЖ ЭХЭЛНЭ ГЭХ Ч ТОГ ЦАХИЛГААН, ДЭД БҮТЦЭД НЭГ Ч ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨНГҮЙ-

Энэ жилийн төсвийг харвал “Шинэ Хархорум” хотын эхний ээлжийн барилгажилтын төсөл, инженерийн бэлтгэл арга хэмжээ, нэвтрэх хонгилын систем, хоёрудгаар ээлжийн инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлын зөвхөн зураг төсөлд 30 тэрбум төгрөгийн төсвийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцад тавьжээ. Гэсэн ч хот байгуулах нэн тэргүүний асуудал болох хурдны зам, хөнгөн галт тэрэг, цахлигаан дулааны асуудлыг сайд маань орхигдуулсан бололтой.

Мөн сонирхуулахад, “Шинэ Хархорум”-д одоогийн байдлаар нийт зургаан төрлийн тендер зарлаад байгаа. Тодруулбал

  • "Шинэ Хархорум" хотын хүн амын унд ахуйн зориулалттай газрын доорх усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгаа хийх- 5.7 тэрбум
  • “Шинэ Хархорум" хотын эхний ээлжийн авто зам, замын байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах- 2.1. Тэрбум
  • “Шинэ Хархорум” хотын байр зүйн зураг зохиох, ортофото зураг үүсгэх- 3.7 тэрбум
  • “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил- 2.1 тэрбум
  • “Шинэ Хархорум" хотын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх-
  • Шинэ Хархорум хотод байгуулах нисэх буудлын ТЭЗҮ, зураг төсөл- 1 тэрбум, зэрэг зургаан тендерүүд зарлагдсан байна.