"TMK Energy" компани "Гурвантэс XXXV" төслийн сүүлийн цооногийн өрөмдлөг амжилттай болж, долоон цооногоос хий олборлоход бэлэн болжээ

"TMK Energy" компани "Гурвантэс XXXV" төслийн сүүлийн цооногийн өрөмдлөг амжилттай болж, долоон цооногоос хий олборлоход бэлэн болжээ

"TMK Energy" компани нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслийн туршилтын долоо дахь буюу сүүлийн цооногийнх нь өрөмдлөг амжилттай дууссаныг зарлалаа. Тус компани наймдугаар сарын эцэс гэхэд "Lucky Fox" талбай дахь бүх цооногийн хийн урсгалыг үйлдвэрлэлийн тохиромжтой түвшинд хүргэхээр төлөвлөсөн байна. Цаашид хийн даралтыг бууруулж, урсгалыг тогтворжуулснаар цооногуудаас арилжааны зорилгоор хий олборлох боломж бүрдэх юм.

Шинэ "Lucky Fox-7" цооногт одоогоор эцсийн хяналт шалгалт хийж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд олборлолт нь эхлэх юм байна. Өрөмдлөгийн үе шат ийнхүү дуусгавар болсноор төсөлд богино болон дунд хугацаандаа томоохон хөрөнгийн зардал гарахгүй болохыг тус компани онцолсон. Мөн тус компани одоо төслийнхөө дараагийн үе шатыг хамтран хөгжүүлэх стратегийн түнш олоход төвлөрч ажиллах юм байна.

TMK Energy-ийн гүйцэтгэх захирал Дугалл Фергюсон "Долоон цооног ажиллуулж эхэлснээр бид шаргуу хөдөлмөр, хөрөнгө оруулалтынхаа үр шимийг тун удахгүй харах болно гэдэгт итгэж, хүлээж байна" гэжээ.