Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон дурангийн 3D технологи ашиглан дөрөв дэх удаагаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийжээ.
Энэ удаагийн мэс заслыг тус эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон удирдан хийсэн бөгөөд БНСУ-ын Самсунг эмнэлгийн баг зөвлөн ажилласан байна. Энэ талаар тус эмнэлгийн ерөнхий захирал Э.Анхбаяр "УХТЭ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дөрөв дэх тохиолдлоо хийж байна. Энэ удаагийн мэс заслыг мөн дурангийн аргаар хийлээ. Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын хагалгааг хийхдээ долоон удаа дурангийн аргыг ашигласан бөгөөд үүний дөрвөн тохиолдлыг хоёрдугаар эмнэлэг хийж байна. Бид эмч, мэргэжилтнүүдээ өндөр түвшинд бэлтгэхийн тулд УНТЭ болон ХСҮТ-тэй хамтран ажиллаж тогтмол сургалт авахаас гадна дурангийн мэс заслыг хөгжүүлэхийн тулд БНСУ-ын Канбук Самсунг эмнэлэгтэй хамтарч “KOFIH” төслийг хэрэгжүүлж байгаа. Бид цаашид бөөр, уушги шилжүүлэн суулгах мэс заслыг хийх, робот мэс заслыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. 2019 онд УХТЭ-ийн Оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноос хойш мэс заслын тусламж, үйлчилгээ тэлж эхэлсэн. Өнөөдөр бид элэг шилжүүлэн суулгах мэс заслаас эхлэн нийт мэс заслын 95 хувийг дурангийн аргаар хийдэг болсон" гэжээ.
УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон "УХТЭ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эмнэлэгтээ эхлүүлээд дөрөв дэх мэс заслаа хийлээ. Энэ онд таван элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөсөн. Донорын аюулгүй байдал, сэтгэл ханамж, үүсэж болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсад хэрэглэдэг донорын элэг тайрах мэс заслыг 3D дурангийн аргаар хийж байна. Цаашид ч бид 3D дурангийн аргаар хийх зарчмыг баримтлан ажиллана. Манай эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болсон. Ингэснээр элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжихөд маш том дэмжлэг болж байна" гэсэн байна.