"Эмэгтэй сурагчид зөвхөн юбка өмсөнө" гэж сурагчийн дүрэмт хувцсыг баталж өгсөн нь охидыг "жинсэн өмд өмсөж болохгүй" хэмээн ялгаварлахад хүргэж байна

"Эмэгтэй сурагчид зөвхөн юбка өмсөнө" гэж сурагчийн дүрэмт хувцсыг баталж өгсөн нь охидыг "жинсэн өмд өмсөж болохгүй" хэмээн ялгаварлахад хүргэж байна

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2013 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь "Сурагчийн дүрэмт хувцасны стандарт"-ыг анх баталж байв. Тухайн үед тус салбарын сайдаар одоогийн Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр ажиллаж байсан юм. 

-11 ЖИЛИЙН ӨМНӨ БАТАЛСАН "СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ СТАНДАРТ" ӨНӨӨДРИЙН СУРАГЧДЫН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦЭХГҮЙ БАЙНА-

Тэгвэл аль тэртээх 11 жилийн өмнөх дүрэмт хувцасны стандарт нь өнөөдрийн сурагчдын хэрэглээнд нийцэхгүй байна. Тодруулбал, 2013 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас олон талынхныг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Оёмол бүтээгдэхүүний доктор, дэд профессор П.Булгаар ахлуулсан дизайнерууд, оёдолчид хамтран сурагчдын одоо өмсөөд буй загварыг гаргажээ. Тэдний "Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас" нэртэй загварыг Л.Гантөмөр тэргүүтэй албан тушаалтнууд баталж, Нийслэлийн боловсролын газраараа дамжуулан өнөөдрийг хүртэл сургуулиудад мөрдүүлж байгаа юм. Мөн манай улс Боловсролын тухай хуулийн 5.13.3 дахь заалтаараа “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байна” гэж заасан. 

Гэтэл тус стандартад, "Охид пиджак, цамц, юбка л өмсөнө" гэж хатуу зааж өгсөн нь өнөөдөр охидыг өвлийн хүйтэнд өмд өмсөх боломжгүй болгож эрүүл мэндээ хамгаалах эрхийг нь зөрчиж байна. 

Учир нь нийслэлийн болон хөдөө орон нутгийн зарим дунд сургуулиуд тус стандартыг хэрэгжүүлэх үүднээс сурагчдыг жинсэн өмд өмсөхийг аман байдлаар хориглосон байна. Тухайлбал, Нийслэлийн .. дүгээр сургууль нь дотоод журмынхаа 5.1.2-т “1-12  дугаар ангийн сурагчид дүрэмт хувцасыг стандартын дагуу өмсөх” гэж тусгасан байдаг. Энэ нь эмэгтэй сурагчдыг юбка өмсөх боломжгүй үе болон өвлийн улиралд ч жинс болон бусад төрлийн өмдийг өмсөхийг хориглосон агуулга байгаа юм.  

-НИЙСЛЭЛИЙН .. СУРГУУЛЬ НЬ ТУС СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛЭХ ҮҮДНЭЭС ДОТООР ЖУРМААРАА ОХИДЫГ ӨМД ӨМСӨХИЙГ ХАТУУ ХОРИГЛОЖ ӨГЧЭЭ-

Тус сургууль дахь эх сурвалжийн хэлж буйгаар, “Сургуулийн дүрэмд хичээлийн үеэр жинсэн өмд өмсөхийг хориглодог. Жинсэн өмд өмсөх нь сурагчдын дунд баян ядуугийн ялгарал бий болгох магадлалтай гэж үздэг. Сурагчид жинсэн өмд өмссөн тохиолдолд ангийн онооноос хасдаг. Гэтэл сурагчид өвлийн хүйтэнд өмд өмсөхийг илүүд үздэг. Учир нь дулаахан, биед тухтай байдаг” гэсэн юм. Энэ бол Монгол орны уур амьсгалын онцлогийг огт тооцохгүйгээр баталсан дээрх стандартын амьдралд нийцэхгүй байгаа захын ганц жишээ юм. Эмэгтэй сурагчид заавал богино годойсон юбкаг өмсөнө гэсэн агуулга бүхий загвар, стандартыг өөрчлөх боломж өнөөдрийн Боловсролын сайд П.Наранбаярт бий. Ганц эмэгтэй хүүхдийн дүрэмт хувцас ч бус сурагчийн дүрэмт хувцсыг бүхэлд нь шинэчлэх хэрэгцээ шаардлага байгааг албаныхан сануулж эхэлсэн. Тэгэхээр хүүхдэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд  мөн эрүүл мэндээ хамгаалах эрхийг нь олгох үүднээс тус стандартыг өөрчлөх нэн шаардлага байна. 

Б.НАРАНЧИМЭГ