С.Цэнгүүн: Эрчим хүчний реформыг шуурхай эхлүүлэхгүй бол тун удахгүй 3-4 цаг цахилгаан тасрах нь хэвийн үзэгдэл болно

С.Цэнгүүн: Эрчим хүчний реформыг шуурхай эхлүүлэхгүй бол тун удахгүй 3-4 цаг цахилгаан тасрах нь хэвийн үзэгдэл болно

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй эрчим хүчний шинэчлэлийн талаар ярилцлаа. Тэрбээр Эрчим хүчний реформын үндэсний хорооны гишүүнээр ажиллаж байгаа юм.

ВИДЕО:

-ҮНЭ НЭМСЭН Ч ЭНЭ ӨВӨЛ ЦАХИЛГААН ТАСАРНА. УЧИР НЬ БИД ӨНГӨРСӨН 30 ЖИЛД ЭНЭ САЛБАРТ ОГТ ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙГЭЭГҮЙ-

-Ирэх сараас цахилгааны үнийг 30 хувиар, дулааны үнийг 60 хувиар нэмэх мэдээлэл гарсан. Бодит судалгааг Эрчим хүчний зохицуулах хорооноос хийж эхний байдлаар танилцуулсан гэсэн. Гэтэл эрчим хүчний үнийг шууд чөлөөлж, зах зээлийн зарчмаар нь орхиж болдоггүй дэлхийн жишиг бий. Өөрөөр хэлбэл, энэ бол төр зохицуулахгүй хаяж болдоггүй салбар. Тэгэхээр үнэ нэмэх дээр та ямар байр, суурьтай байгаа вэ?

-Эрчим хүчний салбарт социализмын үеэс хойш огт шинэчлэл хийгээгүй. Шинэчлэл хийгээгүй гэдэг нь зах зээлийн зарчимдаа шилжээгүй л гэсэн үг. Хүмүүс “Эрчим хүчний салбарт зайлшгүй төрийн оролцоо шаардлагатай” гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, маш том бүтцээр ажилладаг салбарын нэг талыг нь л гаргаж ирээд хараад байна. Заавал энд төрийн оролцоо шаардлагатай гэж ярих хүмүүс байгаа бол зарим нь хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдэж болно гэж тайлбарлаж байгаа. Ингээд тайлбарлаад явахаар хэзээ ч дуусахгүй хэрүүл рүү бид орчхоод байгаа юм. Үндсэн гурван бүтэц бий. Тухайлбал, эх үүсвэр буюу том станц. Энэ станцуудаас өндөр хүчдэлийг дамжуулах шугам татах. Тэгээд дамжуулах шугамуудаас түгээх шугамаар айлууд руу цахилгаан гаргадаг.

Энэ гурван бүтцээс дамжуулах шугамыг нь л төр хариуцдаг. Харин станц болон айл өрхүүд рүү түгээх станцыг чөлөөт өрсөлдөөнд оруулах асуудлыг ярьж байгаа юм.

Төр дамжуулах шугамаа хариуцдаг нь учиртай. Тодруулбал, нэг том станцыг монополь болгож түүнээс хамааралтай байхгүйн тулд төр оролцдог юм. Хүмүүс “Нэг мөнгөтэй хүн станц барина. Тэгээд тэр хүний дуртай үед тогтой байж, дургүй үед нь тоггүй байх юм биш үү” гэж ярьж байгаа. Тийм асуудал байхгүй ээ. Сүүлийн үед дэлхий дахинд эрчим хүчний реформ маш их явагдаж байна. Сая Орос, Украины дайнаас нэг зүйлийг ойлголоо шүү дээ. Нэгдсэн том сүлжээтэй, тэгээд тэнд нь гэмтэл гарахад маш олон хот цахилгаангүй болох эрсдэлтэй гэдгийг олж харлаа. Тэгэхээр бид бие даасан байдлаар олон жижиг эх үүсвэрийг тухайн бүс орчимд нь байгуулах нь   үнийн хувьд ч хямд тусахаар байгаа юм. Учир нь техникийн хувьд хямдаар шийдэх боломжтой. Ингээд эхлэхээр нэг аймгийн төвийг цахилгаанаар хангахад жижиг хөрөнгө оруулалт ороод ирнэ. Өмнө нь зайлшгүй Засгийн газар оролцсон том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт шаарддаг байсан бол өнөөдөр шинжлэх ухаан, техник технологийн  дэвшлийн бололцоог харахаар тархмал эх үүсвэрээр шийдэж болж байна. Хөрөнгө оруулагч нь хөрөнгөө гаргаад тухайн аймаг, орон нутагт асуудлаа шийдэж болно. Бүр суманд ч шийдэж болно. Тэр бүү хэл айл өрхүүд нэг панель тавиад л эрчим хүч үйлдвэрлэгч нар шүү дээ. Цаг үе өөрчлөгдөж буй учир эрчим хүчний салбарыг үндсэн том үзэл баримтлалынх нь хувьд зайлшгүй харах шаардлага байна.

Ингээд 2-3 минут ярихаар хүмүүст анзаарагдахгүй зөвхөн 10 секундын яриаг л фокуслаад байна. 

-Эрчим хүчний үнийг дагаад эдийн засгийн суурь бүх үнэ савлах эрсдэлтэй. Үүнд танай үндэсний хороо ямар судалгаа хйиж байгаа вэ?

-Эрчим хүчний асуудлыг зөвхөн үнийг нь нэмээд л шийдчихнэ гэж буруугаар ойлгуулаад байгаа юм. Угтаа бол маш олон ажил хийгдэж байж реформ болно. Үнэ тарифын тухайд бүрэлдэхүүн л хэсэг шүү дээ. Түүнээс үндсэн асуудал биш. Угтаа бол Засгийн газар ч оролцохгүйгээр шийдвэрээ гаргаад явах эрх мэдэл нь Эрчим хүчний зохицуулах хороонд бий. Гэтэл дандаа улс төржилтөөс  болж энэ салбарыг шинэчлэх ажил хойшилж ирсэн байна. Одоо гурван намын хамтарсан Засгийн газар ажиллаж байна. Тэгэхээр улс төржихгүйгээр суурь хөгжлийн салбараа шинэчилье гэж байгаа юм. Яагаад үнийг ярьж байгаа вэ гэхээр эрчим хүчний асуудлыг шийдэхгүйгээр мега төслүүдийг хөдөлгөх боломжгүй. Энэ утгаараа эдийн засгийг хөдөлгөх том төслүүд гацаанд орсон.

Нөгөө талд Эрчим хүчний үндэсний хороон дээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Т.Доржханд гишүүнээр ахлуулсан баг бий. Энэ багт гурван намаас хоёр, хоёр гишүүн оролцсон. Бид үнийг зөвхөн нэмээд л орхиж болохгүй гэж үзэж байгаа. Учир нь энэ салбарт шинэчлэл хийх маш олон зүйл бий.

Ялангуяа төрийн өмчит компаниудын менежмент, засаглалын асуудал бий. Манай иргэд маш ухаантай учраас “Үнэ өртөгтөө хүрч чадахгүй байгаа. Станцуудад доголдол гарч байгааг бид нар мэдэж байгаа. Одоо бид нар яах ёстой юм бэ” гэж байгаа. Мөн зөрүүлээд "Төр өгөөжгүй ажиллаж буй асуудлаа шийдээгүй юм байж бид нараас яагаад авах гээд байгаа юм бэ" гэх ганцхан асуултыг асууж байна. Ингээд харахаар нэг зоосны хоёр тал шиг шинэчлэлийг зэрэг л хийх асуудал тулгарч байгаа юм. Гэхдээ хамгийн их эсэргүүцэл иргэдээс биш төрийн өмчит компаниудаас ирж байна. Сүүлийн үед гарч буй мэдээллийг харахад эрчим хүчний үндэсний хороонд ажиллаж буй гишүүд рүү дайралтыг их хийж байна. 

Ард иргэдийн дургүйцлийг зохиомлоор үүсгэж шинэчлэлийн ажлыг зогсоох гэж оролдож байна. Тэд байдал иргэдээс гараагүй. Шууд хэлье, иргэдээс гараагүй шүү. Учир нь эрчим хүчний салбарт маш их мөнгө эргэлддэг. Үүнийг задлах гэж оролдсон хүн бүрийг улс төрийн тавцангаас хаядаг байсан. Тийм учраас эрчим хүчний салбараар оролдох улстөрчгүй болж,  энэ салбарыг зүгээр л хаядаг болсон. Бид ийм зүйлээс болж шантрахгүй ээ. Бид энэ системийг задалж, шинэ хөрөнгө оруулалт, шинэ эх үүсвэрийг оруулж ирэх болно. Татаас гэх буруу системээс болж бид сонголтгүй болчихоод байна. Бас нэг зүйл хэлэхэд бид үнэ тарифын тодорхой хувийг зах зээлийн зарчим руу шилжүүлээд өгсөн ч тасалдал их гарна. Учир нь тоног төхөөрөмжөө шинэчилж чадаагүй. Станцуудад эвдрэл гарах бодит хүндрэлтэй байгаа ба азанд найдаж л амьдарч байна шүү дээ. 

Яагаад ийм нөхцөлд ортол нь явуулж байгаа юм. Яагаад сүүлийн найман жилд шинэчлэл хийгээгүй юм. Тэгэхээр цогцоор нь хийхээс өөр аргагүй. Ер нь реформ хийх тохиромжтой үе гэж байхгүй. Түүнийг тойрч гарахгүй. Эрчим хүчний салбар хүнд учраас болъё гээд орхичихвол магадгүй 5-6 жилийн дараа 3,4 цагийн тасалдал хэвийн юм шиг болно. Магадгүй Куба шиг хэдэн өдрөөр нь тоггүй байх үе ирнэ. Тойрох аргагүй.  

-Бид эрчим хүчний хувьд нэг улсаас хараат. Тэр улсынхаа нөлөөтэй, нөлөөгүй III, IV станцдаа огт шинэчлэл хийгээгүй. Дорвитой бүтээн байгуулалт ч энэ салбарт хийсэнгүй. Одоо Эг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих болон III цахилгаан станцын өргөтгөлийг хүлээж байна. Эрчим хүчний реформын хүрээнд аль ажлаа түрүүлж эхлүүлэх вэ. Эрэмбэлсэн үү?

-Эрэмбэлэвэл хууль эрх зүйн орчны шинэчлэлээс эхлүүлнэ. Учир нь эрчим хүчний хуулиуд нь социализмын үеийнхээрээ байгаа юм. Тэр хуулиар бол шинэ эх үүсвэрийг оруулж ирэх ямар ч боломжгүй, процесс нь ойлгомжгүй. Тийм учраас хөрөнгө оруулагчид маань шийдвэрээ гаргаж чадахгүйгээс болж маш олон жил хохирсон жишээнүүд байна. Мөн манай эрчим хүчний эко систем ямар байдлаар ажиллаж, бид ямар байдлаар хөгжүүлэх процессын зураглалаа гаргаж чадаагүй. Ойлгомжгүй учраас тэнд нэг дарга тусгай зөвшөөрөл өгч авлигалыг цэцэглүүлээд байна. Үүнийг шилэн тунгалаг болгох ёстой. УИХ дээр Энхцэцэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Салбарын болон салбарын бус хүмүүстэй  бид ярилцаж, саналыг нь авч байгаа. Бидэнд тал, талын оролцоо хэрэгтэй.

-ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗОМБИ ШИГ БҮТЦИЙГ ЗАДАЛЖ, ШИНЭ ЭХ ҮҮСВЭР, ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ОРУУЛЖ  ИРЭХ Л БОЛНО-

-Та бүхэн гоё зорилгод нэгдэж чадсан л байна шүү дээ. Гэтэл та бүхнээр ажлыг тань хийлгэхгүй доромжлоод байгаа юм байна гэж ойлголоо. Ер нь энэ салбарт авлигал хэр цэцэглэж, сүлжээ нь хэр өргөжсөн байна. Тийшээ нэвтрэхэд хүндрэлтэй байгаа талаар та ярилаа шүү дээ?

-Эрчим хүчний салбарын томоохон төслүүд хэрэгжихэд бэлэн болсон ч дандаа зогсож ирсэн түүхтэй. Биднийг хөдлөх бүрт ямар нэгэн саад гарч ирдэг. Алхам хийж буй хүмүүс рүү дайрч доромжилдог. Монгол Улсыг эрчим хүчний хувьд хараат байлгах бусад улсын сонирхол байна. Би УИХ-ын гишүүн болчихоод энэ тал дээр дуугаръя гэж бодсон юм. Тэгэхэд хүмүүс “Амь настай холбоотой юм болдог. Чи залуу хүн. Энэ талаар битгий ярь, хөнгөн сэдэв л хөнд” гэж зөвлөж байсан. Яг үнэндээ тангараг өргөж УИХ-ын гишүүн болохдоо “хөнгөн сэдэв, биед амар байх, хүмүүсээр муулуулахгүй байя” гэж бодоогүй. Ингэж бодоод би англи хэлээр Монгол Улсын эрчим хүчний салбарыг ярьж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Эгийн голын усан цахилгаан станцыг ОХУ гацааж ирсэн. Бүр ТЭЗҮ, зураг төсөл нь гарчихсан байхад шүү дээ. Тэр үед Европын улсууд манай улсын эрчим хүчний тусгаар тогтнолд анхаардаг байсан бол туслах л байсан. Гэтэл аль нь ч туслаагүй. 2022 онд ковид гарч, ОХУ, Украины дайн гарсан. Тэр үед Европын холбооны улсуудын бүх Элчин сайд нар энд сууж байгаад “Монгол Улсыг эрчим хүчний хувьд хараат болгоход тусална” гэж байсан. Тэр үеэс хойш аль ч төсөл хөдлөөгүй. Тэгэхээр аль ч улсад найдах хэрэггүй.

Монголын эрх ашиг Монголынх л байх ёстой. Бид нар өөрсдөө бүх төслөө нээлттэйгээр зарладаг л байх ёстой. Дотоодоосоо эрчим хүчээ хангах магадгүй экспортлох нь монголчуудын эрх ашиг юм. Түүний төлөө хэнээс ч айхгүй дуугарна гэж бодож байна. Яг үнэндээ гэрэл, гэгээ энэ улсад харагдахаа больчихлоо. Эрчим хүчний салбарт оруулсан нэг төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээмжийн хувьд дөрвөн төгрөг болж өсдөг. Бусад салбартай харьцуулахад хамгийн өндөр бүтээмжтэй нь эрчим хүчний салбар. Хэрвээ бид том төслөө хөдөлгөвөл манай эдийн засаг маш хурдтай сэргэнэ. Дагаад эдийн засаг өсч иргэд орлоготой болбол 15 мянган төгрөг цахилганы хэрэглээндээ илүү төлөх нь асуудал биш. Жижиг асуудал ярьж, улс төрчид нь сошиал дээр хэдэн лайк авах вэ гэдгээ боддог болсноос хойш энэ улсад шинэчлэл хийгдэхээ больсон. Эсэргүүцэлгүй өөрчлөлт гэж хаана ч байхгүй. Шинэчлэл хийхийн тулд төрийн өмчит компаниудын зомби шиг бүтэцтэй л бид тулна. Үндэсний хэмжээний асуудлыг жагсаалтын гишүүд хамгаалж дуугарах ёстой. Суурь салбарын шинэчлэлээ бид УИХ,  Засгийн газрын түвшинд хамгаална. Мөн УИХ дээр 100 гишүүн эрчим хүчний реформыг дэмжиж гарын үсгээ зурсан нь маш том дэмжлэг болсон. Бид том эрх ашиг дээрээ нэгдэж чадна гэж найдаж байгаа.  

-Хуулийг шинэчилсэний дараа өөр ямар ажил хийгдэх вэ. Энэ салбарт хамгийн ойрын хугацаанд хийгдэх гэрэл, гэгээтэй өөрчлөлт юу байх вэ. Яг хэзээнээс бид цахилгаанд санаа зовохгүй амьдардаг болох юм гэсэн хүлээлт хүмүүст байна? 

-Ойрын хугацаанд том, том хөрөнгө оруулагчид зөвхөн манай эрчим хүчний салбарыг сонирхож байна. Учир нь манайх нүүрс, сэргээгдэх эрчим хүчний нөөцүүдтэй. Гол нь бүх зүйл технологи дээр суурилж байна. Хамгийн хямд, найдвартай эх үүсвэрээр хангаж чадна гэдэг мессежийг дэлхийд өгч чадах юм бол тэд манай улсад ирэх боломжтой. Дэлхийтэй холбогдох ажлаа л маш хурдан нээх хэрэгтэй байна. Ингэхийн тулд хэн яаж, ажиллах юм, яаж оролцох вэ гэдэг процессын зураглалаа дотооддоо ойлгомжтой болгоод өгчих ёстой юм. Эртхэн эхлэх тусмаа л сайн. Тог, цахилгааны үнэ тариф өөрчлөгдсөн ч энэ жил хүнд өвөл болно. Тэгэхээр яалт ч үгүй энэ цаг үеийг даваад туулаад гарах шаардлага бий. 

-ЭНЭ ШИНЭЧЛЭЛ ДУНД БОЛОН ДУНДААС ДЭЭШ ОРЛОГОТОЙ АЙЛ ӨРХҮҮДЭД ХАМГИЙН ХҮНД ТУСНА-

-Цаашид шөнийн тарифын хөнгөлөлтийг зогсоох мөн хотод хямд, хөдөөд үнэтэй дулаан ашиглаж буй зардал энэ тэрийг тэнцүүлэх арга хэмжээг авах уу? 

Засгийн газар өөрөө маш том үүрэг хариуцлага хүлээж байгаа нь энэ салбарыг задалж цэвэршүүлж, зөв менежментэд нь оруулах ёстой гэдгийг харуулж байна.

Үнэ тарифын тухай асуудлыг ярихаар хүмүүс "Цахилгааны үнэ нэмээд миний халааснаас мөнгө авах гээд байна. Нуруун дээр ачаа үүрүүлээд байна” гэж хэлдэг.  Гэхдээ төр мөнгө бий болгодог субьект биш. Төр зүгээр л татвар байдлаар иргэдийн нөгөө халааснаас авчихаж байгаа.

Тэгэхээр ямар ч ялгаа байхгүй. Эрчим хүчний зах зээлийг либералчлах нь төр аль ч халааснаас нь мөнгө битгий ав гэсэн санаа. Хүмүүс хэрэглэснээрээ төлдөг, найдвартай эрчим хүч авдаг болох тухай яриад байгаа юм. Бид эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчимд нь шилжүүлье гээд байгаа. Чөлөөт зах зээлийн гайхамшиг гэж бий. Өнөөдөр цахилгааны үнэ тариф нэмэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Гэтэл төд удахгүй шинэ эх үүсвэрүүд ороод ирнэ. Энэ зах зээл өрсөлдөөнтэй болоод ирнэ гэсэн үг. Өрсөлдөөн дундаас хэн нь хямд нийлүүлж байна түүнээс  цахилгаанаа аваад явна. Энд хэрэглэгч хожиж байна. Иргэд найдвартай, олон төрлийн эх үүсвэрүүдээс хямд үнээр цахилгаанаа авах боломж нь бүрдээд ирнэ. Тэгэхээр энэ бол цаг зуурын асуудал. Бид системээ зөв гольдролд нь оруулаад давчих юм бол тэрнээс цаашаа дэлхийн бүх улс орнууд шиг найдвартай эрчим хүчний хангамжтай болчихно.

Эрчим хүчийг төрөөс татаас байдлаар даадаг  улсуудад өрсөлдөөн байхгүй. Социалист системеер явсан Куба, Хойд Солонгос, Венесуэл бүгд тогны асуудалтай. Тэгэхээр иргэд бид төрөөс хамааралгүйгээр амьдарч, хэрэглэсэн тог, дулааны төлбөрөө төлөх нь шударга зарчим байх ёстой. Манай улсад нэг сонин логикийн зөрчил байгаа. Бид нар "Бүсчилсэн хөгжлөөр орон нутаг, аймгуудыг хөгжүүлнэ. Тэнд  амьдрах юм бол дэмжинэ" гэж ярьдаг. Гэхдээ дулааны тариф дээр л гэхэд орон нутагт 1000 төгрөг, Улаанбаатарт 500 төгрөгийн үнэтэй байна. Ингээд харахаар Улаанбаатарт амьдарч байгаа хүн дулааныг хямдаар хэрэглэж, орон нутгийнхан өндөр тариф төлөөд байна. Бас нэг сонин нь гэр хороололд амьдарч байгаа хүмүүс  ус, шахмал түлшээ аваад 7 хоногт нэг удаа халуун усанд ороход нэг жилд 1.9 сая төгрөгийг зарцуулж байгаа юм. Байранд амьдарч байгаа хүмүүс маань үүнээс гурав дахин бага буюу 600-700 мянгыг төлдөг. Гэтэл байранд амьдарч байгаа хүмүүс маань арай илүү амьжиргаа сайтай, арай илүү орлогын түвшинтэй гэж бид ойлгодог. Энэ зөрүүг зайлшгүй тэнцүүлэх ёстой. Бас нэг сонирхолтой судалгааг Дэлхийн банкныхан өнгөрсөн 10 сард нийт хийсэн. Тэд иргэдээс "Та эрчим хүчний халамж авдгаа мэддэг үү" гэж асуун. Тэгэхэд бүх хүн "Үгүй мэдэхгүй, тийм халамж авдаггүй" гэж хариулсан. Гэтэл орон сууцанд амьдарч байгаа хүн болгон өөрөө мэдэлгүйгээр татаас буюу халамжийг аваад явж байна. Би "Ядуу ард түмэн минь үүнийг дийлэхгүй" гэж ярьдаг хэрнээ яагаад гэр хороололд байгаа хүмүүс илүү их төлбөр төлөөд байгаа юм бэ. Реформын хүрээнд бид энэ асуудлыг  шийдэхээс өөр аргагүй. Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн асуудлыг бид ярьж байна. Яагаад тэгвэл хүн бүхэн Улаанбаатарт амьдраад байгаа юм. Суурь зардлын хувьд хөдөө орон нутгаасаа хямд байгаад байна. Мөн  нягтаршил, утааны тухай асуудлыг шийдэхийн тулд зайлшгүй эрчим хүчний асуудлаа шийдэхээс өөр аргагүй. Утаатай холбоотой таны гаргаж байгаа зардлыг бид тооцоход маш хүнд.  Тэгэхээр бид эртхэн шиг  шийдэх тусам асуудлаа шийднэ.

Дараагийн нэг логикийн алдаатай зүйл нь дэлхийн бусад улс орнууд бизнесийнхэн, аж, ахуй нэгжүүдээ дэмжиж тогны хөнгөлөлт үзүүлдэг. Харин манайд эсрэгээрээ. Айл өрхүүд рүү тог татах нь их зардалтай байхад аж ахуйн нэгж, бизнесүүд нь маш өндрийг, айл өрхүүд нь маш бага төлбөрийг төлдөг. Ингээд харахаар бизнес эрхлэх боломжийг нь бид нар хаагаад өгчихсөн байна. Хүмүүсийн ажил орлоготой болох боломжийг нь хаагаад байна.  Тэгэхээр ийм урвуу хамааралтай зүйлсийг бид зөв замд нь оруулах зайлшгүй шаардлагатай байна.

Энэ реформ хамгийн хүнд тусах хүмүүс нь дунд болон дундаас дээш түвшний орлоготой иргэд байгаа. Тэр нь гэр хорооллын иргэд биш юм. Нөгөө талдаа шөнийн тариф хөнгөлөлтөөс болоод зусландаа шинээр барилга барьсан айлууд бүгдээрээ нүүрс түлэхгүй байя гээд цахилгаанаар халаалтаа шийдсэн. Гэтэл нөгөө талд Эрчим хүчний систем цахилгаанаа нийлүүлж чадахгүй болчихсон. Тэр айлууд маш өндөр төлбөртэй халаалтын тень, цахилгаан зуухууд тавьчихсан. Гэтэл нөгөө талд энэ төхөөрөмжүүдээ ашиглах, асаах боломжгүй нөхцөл үүсчихлээ. Халамжийн бодлого ийм учраас болдоггүй юм.  2017 онд тэр шийдвэрийг гаргаж байсан хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүй явчихсан. Хэн хохирч байна гэхээр иргэд хохирч байгаа. Ялангуяа өөрийнхөө амьдралд арчаатай байсан арай илүү хөрөнгө оруулалт хийгээд хөдөлмөрлөөд явж байсан хүмүүс маань энд хохирхоос аргагүй болсон. Тэгэхээр аль ч улстөрч халамжийн бодлого санаачлах юм бол эрт орой хэзээ нэг цагт бид нар өөрсдөө төлдөг. 

-Ярилцсанд баярлалаа