Э.Болормаа: "Ланд крузер-300" болон үнэтэй, архи, тамхи дээр татвар нэмэх үү

Э.Болормаа: "Ланд крузер-300" болон үнэтэй, архи, тамхи дээр татвар нэмэх үү

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.22/ хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Э.Болормаа "Нийгэмд нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-тай холбоотой олон талын хэлэлцүүлэг өрнөж байна. Аж ахуйн нэгжүүд дээр үүсч буй дарамт дээр ямар байр суурьтай байна. Нийгмийн даатгалийн шимтгэл, НӨАТ-ыг 2025 оны төсөвт яагаад хөндөөгүй вэ. Цаашдын бодлого юу байна вэ. Эдийн засаг уул уурхай дээр давамгайлан тогтдог гэдэг. Гэтэл НӨАТ-аас үүнтэй дүйцэхүйц хэмжээг төсөв бүрдүүлж байна. Өнгөрсөн жил 28 их наяд төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 6 их наяд төгрөг нь НӨАТ-ын орлого байсан байна. Бараг уул уурхайн салбартайгаа дүйцэхүйц орлогыг НӨАТ-аас бүрдүүлж байна. Дундаж давхаргаа тэлэхийн тулд ямар бодлого баримталж байгаа вэ? Үүнээс гадна энэ удаагийн төсөв дээр татвар нэмэхгүй гэдэг үндсэн зарчимтай орж ирсэн. Өмнө нь Сангийн яам дээр хэлэлцэж байсан өндөр үнэтэй автомашины татварыг яагаад оруулж ирээгүй юм бэ. Монгол Улс бараг л нэг хүнд ногдох "Ланд крузер-300" маркийн жийпээрээ дэлхийд нэгт жагсч байна. Энэ оны борлуулалтыг харахад 3000 гарчихсан явж байна. Тэгэхээр эдгээр өндөр үнэтэй архи, тамхи дээр татварыг нэмэх асуудлыг бодсон уу. Салбар салбартаа ухаалаг төсвийг зарцуулах боломж байна уу. Татварыг зориулалтын байдлаар хийх боломж байна уу?" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан "Аж ахуйн нэгжийн албан татварын хувьд тавхан жилийн өмнө багц шинэчлэлийг хийсэн. Тэр цагаас хойш шинэчлэлийнхээ үр дүнг харах, багцаар нь өөрчлөх боломжгүй. Мэдээж засах зүйл байлгүй яахав. Энэ дөрвөн жил татварын хувь хэмжээг огт оролдоогүй. Процессын хувьд ил тод болгож, цахимжуулах, тайлагнах ажлыг хийсний үр дүнд татварын орлого тогтвортой нэмэгдэж байгаа. Татварын дарамт харьцангуй ойлголт. Ямар ч дарамтгүй татвар гэж байхгүй. Хяналт шалгалт, тайлан, цахим систем хэрэгжихгүй байна уу.  Нийгмийн даатгалын шимтгэлийг олон талаас харах хэрэгтэй. Энэ бол татвар биш. Төсвийн орлогод орж, зарлагаар гардаг зүйл биш. Ажил олгогч талаас ажилтан талаас ирээдүйд тэтгэвэрт гарах үедээ хэрэглэх зорилгоор хадгалуулж байгаа хуримтлал шүү дээ. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр ажилтан ажилуулж байгаа бол нийгмийн өмнө хариуцлага хүлээнэ. Нийгмийн даатгалыг нь төлж байгаа. Иргэн хүн ажил олгогч талаас энэ өнцгөөс харах хэрэгтэй. Тансаг хэрэглээний татварыг Засгийн газраас зохицуулах татварын төрөл бий. Татварын орлого бүрдүүлдэг татварын төрөл гэхээсээ илүү салбар дундын зохицуулалтын татварын төрөл юм" гэсэн юм. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө