"Эцэг эхийнхээ тэтгэврийг авдаг хүмүүсийг хорьдог болох" зэргээр бүх асуудлыг "хорих" аргаар шийдэх нь энэ төрлийн зөрчлийг далд хэлбэрт шилжүүлж болзошгүй

"Эцэг эхийнхээ тэтгэврийг авдаг хүмүүсийг хорьдог болох" зэргээр бүх асуудлыг "хорих" аргаар шийдэх нь энэ төрлийн зөрчлийг далд хэлбэрт шилжүүлж болзошгүй

Эцэг, эхийнхээ тэтгэврийг авдаг хүмүүсийг зургаан сараас нэг жилээр хорьдог болох хуулийн зохицуулалттай болно гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. 

Тэрбээр энэ талаар, "Эцэг, эхийнхээ тэтгэврийг хувьдаа завшдаг паразитуудыг зургаан сараас нэг жилээр хорьдог болно. Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хавсарсан байдлаар сэтгэл санааны хүчирхийлэл 64%, бие махбодын хүчирхийлэл 47%, эдийн засгийн хүчирхийлэл 36%, үл хайхрагдах байдал 21% эзэлж байна" гэжээ.

Үүнийг тодруулбал, Ахмад настны тухай хуульд 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тэтгэвэр, тэтгэмжийн хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх шинэ заалтыг оруулжээ.

Энэ мэтчилэн хуулийн заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа аливаа асуудлыг “хорих, хязгаарлах, таслан сэргийлэх” зэргээр шийдэх гэсэн эрх баригчдын оролдлого нь иргэдийг хамгаалах бус энэ төрлийн зөрчлийг нуун дарагдуулж, далд хэлбэрээр үүсэх эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй байгаа юм. Учир нь эцэг, эх хүн үр хүүхдээ ял эдлүүлэхийг хүсэхгүй. Иймд тэтгэврийг нь авдаг байлаа ч цагдаад мэдэгдэлгүй нуугаад өнгөрөх явдлыг нэмэгдүүлж магадгүй байна.