Туркменистанд хийх айлчлалаар дамжуулан цахилгаан эрчим хүч, байгалийн хий импортлох боломжтой бөгөөд ГХЯ-ны хамтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэнэ

Туркменистанд хийх айлчлалаар дамжуулан цахилгаан эрчим хүч, байгалийн хий импортлох боломжтой бөгөөд ГХЯ-ны хамтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын урилгаар 2024 оны аравдугаар сарын 10-13-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь 1992 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2023 ОНД ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АЙЛЧЛАХЫГ УРЬСАН ЗАХИДАЛ ИЛГЭЭЖ БАЙЖЭЭ-

Туркменистан улс нь үе дамжсан тоталитар Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нь 15 жилийн турш төр барьсан эцгийнхээ эрх мэдлийг 2022 оны гуравдугаар сард өвөлж авсан.

Түүнчлэн манай улс Туркменистан улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас тус улсад суух Онц бүрэн эрхт Элчин сайдаар Д.Баярхүү ажиллаж байна.

Сонирхуулахад,  2015 онд Туркменистан Улсын Гадаад хэргийн сайд Р.О.Мередов Монголд айлчилж байсан нь хоёр улсын хооронд хийгдсэн анхны дээд хэмжээний айлчлал байв. Энэхүү айлчлалын үеэр хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын комиссыг байгуулахаар талууд тохиролцсон байдаг. Улмаар 2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны төрийн тэргүүн Сердар Бердымухамедовыг эх орондоо айлчлахыг урьсан захидал илгээж байжээ.

-ТУРКМЕНИСТАН УЛСААС МАНАЙ УЛС ЭНЭ ЖИЛ 10 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН БАРАА ИМПОРТОЛСОН БОЛ МОНГОЛ УЛСААС ТУС УЛС РУУ ЭКСПОРТ ХИЙГЭЭГҮЙ БАЙНА -

Туркменистан улс нь шатдаг хий, газрын тосоор баялаг бөгөөд байгалийн хийн нөөцөөр дэлхийд дөрөвдүгээр байр эзлэдгийн дунд Галкынышын шатдаг хийн орд нь дэлхийн хоёр дахь том орд юм. Улмаар Туркмений олборлосон шатдаг хийн гуравны хоёрыг Оросын "Газпром" компани худалдаж авдаг байна. 2009 оноос Түркменистанаас БНХАУ руу Узбекистан, Казахстанаар дамжуулан жилд 40 млрд м³ байгалийн хийгээ 7 мянган км урт хоолойгоор нийлүүлж байгаа аж.

Түүнчлэн тус улс 1993 оноос хойш улсынхаа иргэдийг төрөөс нь үнэгүй цахилгаан, ус болон байгалийн хийгээр хангаж ирсэн байна. Иймд манай улсын хувьд тухайн орноос туршлага судалж, хамтын ажиллагааг өргөжүүлж, байгалийн хий, цахилгаан эрчим хүч импортлох боломжтой.

Мөн эдийн засгийн хувьд хөвөн тариалалт, борлуулалтаараа дэлхийд 9-р байр эзэлдэг. Харин Монгол, Туркменистаны худалдааны эргэлтийг харвал оны эхний есөн сарын байдлаар Туркменистан улсаас 10.5 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүнийг манай улс импортолсон бол Монгол Улсаас тус улс руу экспорт хийгээгүй байна. 

-ЭНЭ УДААГИЙН АЙЛЧЛАЛААР ХОЁР ОРНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ ГЭЖЭЭ-

Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улс албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байгаа аж. Иймд "стан" улсууд буюу Казахстан, Киргизстан, Узбекстан зэрэг улсуудын араас төрийн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх улс нь Туркменистан болж байна. 

Түүнчлэн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон улсын форумд хүндэт зочноор оролцох аж. Харин тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хоёр улсын Ерөнхийлөгчийн дээд хэмжээний уулзалтыг олон жилийн турш орхигдож ирсэн хамтралыг өргөжүүлэх тэр дундаа Гадаад харилцааны яам хоорондын уялдаа холбоог илүү бэхжүүлнэ гэж үзэж байгаа талаар нийтэлжээ. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө