Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байсан "Ноорог"-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ.
Тодруулбал, иргэн О.Уламсайханыг энэ сарын 11-ний /2025.11.11/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд иргэн 38 настай н.Доржсүрэн гэгч нь хутгалж, хүнд гэмтэл учруулсан байдаг. Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, улмаар тухайн хэргийг үйлдсэн гэх иргэнийг саатуулан шалгаж эхлээд байсан юм.
Тэгвэл иргэн О.Уламсайханы биед халдаж, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан хүнд гэмтэл учруулсан н.Доржсүрэн гэх этгээдийг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Тодотговол, н.Доржсүрэнг "хүнийг алахыг завдсан" гэсэн Эрүүгийн хуульд заасан зүйл ангиар яллагдагчаар татаж, улмаар прокуророос түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн аж. Энэ дагуу Дүүргийн Эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зааснаар буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх үндэслэлээр 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн О.Уламсайханы биед халдсан н.Доржсүрэн гэгч этгээд нь О.Уламсайханы оролцсон жагсаалыг буруутгаж, өдөөн хатгаж, эцэст нь гэм хор учруулсан гэдгийг хэлж буй юм. Харин бусдад хутгалуулж хүнд гэмтэл авсан О.Уламсайхан нь хагалгаанд орж, ухаан ороод байгаа аж. Ташрамд өгүүлэхэд, О.Уламсайханы ойр дотны хүмүүс дээрх хэрэгтэй холбоотойгоор Хүний эрхийн Үндэсний комисст хандаад байгаа юм байна.