СУРВАЛЖИЛГА: Вокзалын арын цэцэрлэгийг хядаж, авто зогсоол барихын тулд явганы зам, нийтийн 00-ийг хүртэл хаажээ

СУРВАЛЖИЛГА: Вокзалын арын цэцэрлэгийг хядаж, авто зогсоол барихын тулд явганы зам, нийтийн 00-ийг хүртэл хаажээ

Вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнг хядаж, явганы замыг хааж төмөр хашаа босгон барилгын ажил эхлүүллээ гэж иргэд нэлээд шүүмжлээд байсан. Тэгвэл вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнг юуны тулд хядаж, юу барих гэж байгаа талаар болон энэ нь ойр орчмын иргэдэд хэрхэн хүндрэл учруулж байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО:

Баянгол дүүргийн 4-р хороо буюу вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнг анх Авилгатай тэмцэх газарт ажилчдын орон сууц барих зориулалтаар олгож байжээ. Улмаар 2009 онд уг захирамжийг өөрчлөн, Улаанбаатар төмөр зам ХНН, оршин суугчдад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн барих чиглэлээр эзэмших эрхийг олгосон байна. Гэтэл уг ногоон байгууламжийг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хашиж, ногоон байгууламжийг нь сүйтгэж эхэлсэн юм.

Биднийг уг байршилд очиход хоёр талаар нь явган хүн явах аргагүй болгон хашаалж, нийтийн нойлын усыг тасалж, хашааны дотор талыг доош нэлээд ухсан байгаа нь харагдана. Энэ талаар ойр орчмын иргэд дараах байр суурийг илэрхийлж байлаа. Оршин суугчид, “Хорооныхон саяхан өчнөөн төсвөөр явган хүний зам хийсэн. Гэтэл явган хүний замыг бүгдийг нь хаагаад, нураачихсан. Улаанбаатарт байдаг ганц вокзал учраас энүүгээр өвчтэй, эрүүл олон хүн явна. Гэтэд замыг нь явах аргагүй болгоод хаачихлаа. Хамгийн гол нь явган хүний замгүй болгоод ухаад хаячихлаа. Би хүүхэд наснаасаа л энд тоглож өссөн. Бүр жимс ургадаг байсан шүү дээ. Гэтэл юу ч үгүй болгоод сэндийчээд хаячихлаа. Угаас Монголчууд мөнгөтэй хүмүүсээ дийлэхээ байчихсан шүү дээ” гэх байр суурийг илэрхийлж байв.

Ийнхүү бид уг байршилд чухам юу баригдах гэж байгаа талаар тодруулж үзэхэд далд автомашины зогсоолтой, ногоон байгууламж барих ажлыг эхлүүлээд байгаа нь энэ аж.

Тодруулбал, 600 гаруй метр урттай талбайд бүтээн байгуулалтын ажил явуулах бөгөөд газар доор 778 автомашины дулаан зогсоол байгуулах гэнэ. 2028 онд уг бүтээн байгуулалт дуусах бөгөөд одоо хашаалчихсан байгаа газар бол ердөө гуравны нэг нь аж. Энэ жил 180 орчим метр газарт бүтээн байгуулалтын ажил явагдах төлөвтэй байгаа бөгөөд хавраас угсралтын ажил дуусч, дараагийн 180 мерт газарт ажиллана. Түүний дараа хамгийн сүүлийн 180 метр газарт ажил явагдана. Мөн бохирын шугамын ажил давхар хийгдэж байгаа тул явганы замыг хаасан хэмээн тайлбарлаж байгаа аж.

Захиалагчаар нь “Улаанбаатар төмөр зам” ХНН, Хот байгуулалт, хотын стандартын газар, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК оролцож байгаа бол уг төслийн гүйцэтгэгчээр нь “Грэйт констракшн” ХХК, зураг төсөл зохиогчоор нь “Эм Жи Эл И Эн Си” ХХК ажиллаж буй.

Ийнхүү 2028 онд газар доорх авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад оруулахаар энэ талбайг хашсан юм байна. Хашихдаа бүхий л явганы зам талбайг хааж, явган иргэдийг тэр хавиар зорчих боломжгүй болгожээ. Түүнчлэн иргэд уг бүтээн байгуулалтын ажлыг өдөр биш дандаа шөнөөр явуулж байгаа нь амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэх шүүмжлэлийг хэлж байна. Мөн нийтийн 00 зэрэг ойр хавийн иргэдийн наад захын хэрэгцээний зүйлсийг ч хаажээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө