Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын өгөөжийг нэмэгдүүлэх сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлов

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын өгөөжийг нэмэгдүүлэх сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлов

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2025.11.12) хуралдав. Хуралдаан гишүүдийн 81.8 хувийн ирцтэйгээр 15 цаг 21 минутад эхэллээ.

Эхлээд Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, батлав. Түр хорооны дарга О.Батнайрамдал төслийн талаар хуралдаанд танилцуулсан юм. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 сарын 8-12-ны хооронд зохион байгуулахаар төсөлд тусгажээ. Тодруулбал, 12 дугаар сарын 08-ны өдөр Жавхлант, Шивээ толгой ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох холбоотой асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол явуулах бол 2025 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон, түүний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ холбогдох үр дагаврарын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол явуулахаар төсөлд тусгажээ.

Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар дэмжин баталсан юм. Хянан шалгах түр хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дараалал тогтоох тухай”, “Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсохоор товлосон байсан ч тодорхой шалтгаан, тайлбаргүйгээр өнөөдрийн хуралдаанд ирээгүй болохыг Түр хорооны дарга хэлээд парламентад дуудсан бол ирэх ёстой гэдгийг тэмдэглээд дараагийн хуралдаанаар танилцуулгыг сонсохоор хойшлууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.