У.Пүрэвсүрэн: “Цэнхэр тэнгэрийн орон”, “Буурал даргын нутаг” зэрэг дууны шүлгийг би зохиосон гэхээс илүү миний сэтгэлээс “ургасан”

У.Пүрэвсүрэн: “Цэнхэр тэнгэрийн орон”, “Буурал даргын нутаг” зэрэг дууны шүлгийг би зохиосон гэхээс илүү миний сэтгэлээс “ургасан”

Олон жил Монголын ард түмний аманд аялагдаж, цаашдаа ч эгшиглэсээр байх аялгуулаг, яруу сайхан дуунууд олон бий. Үүний нэг нь Ардын жүжигчин С.Жавхлангийн дуулсан “Цэнхэр тэнгэрийн орон” дуу билээ.

  • Сүрлэг хархираан торгон салхи хацар илбээд
  • Сүүн давалгаатай Увс нуур тольдон мэлтийгээд
  • Зүрхэн юүдэн уул эцгийн суудлаар хангхайгаад
  • Зүймэл газрын зэрэглээ тэнгэрийн салхитай мяралзаад…

гэж эхлэхэд зөвхөн Увсчууд гэлтгүй аялсан хүн бүрийн дотор эх нутаг, эх орон нь бодогдож, эрхгүй санан дурсдаг тийм л дуу болжээ. Иймд бид энэ удаа олон жил Монголын ард түмний аманд аялагдах энэ дууны шүлгийг бичсэн яруу найрагч, МУСТА, дэд хурандаа У.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

ВИДЕО:

-ОЛОН ИЖИЛ ДУНШИЖ ЯВСАН БОДОЛ МИНЬ БҮТЭЭЛ БОЛОН ТӨРСӨН НЬ "ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ОРОН" ДУУ-

-Та юун түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутагт төрж, өсөв?

-Намайг Уртнасангийн Пүрэвсүрэн гэдэг. Цэнхэр тэнгэрийн орон буюу Увс аймгаас гаралтай. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга гэх соёл урлагийн байгууллагад үүрэг гүйцэтгээд 20 гаруй жил болж байна.

-Таныг “Цэнхэр тэнгэрийн орон” дууны үгийг бичсэн зохиолч гэдгийг хүмүүс сайн мэднэ. Энэ дууны шүлэг хэрхэн бүтсэн талаар хоёулаа яриагаа эхэлье?

-Унасан газрынхаа ширхэг чулууг ч хайрлаж байж хүнд эх орноо хайрлах сэтгэл төрнө. Ээжийгээ хайрлаж байж бүсгүй хүнийг хайрлах тухай ойлголт төрнө. Тийм учраас юуны түрүүнд алс баруун хязгаар болсон цэнхэр тэнгэр, нууруудын өлгий нутагт төрж өссөнөөрөө бахархаж явдаг. Бодлын минь цараа бас түүнтэй холбоотой болов уу. Хүн ямар ахуйд төрж, ямар ахуйд өсөж, ямар ахуй хүний суурийг тавьж өгсөн нь ялангуяа уран бүтээлч хүмүүст нэлээд суурь болж өгдөг болов уу гэж боддог. Цэнхэр тэнгэрийн орон бол 10 гаруй настай дуу л даа. Увс нутгийн 90 жилийн ойн өмнө зохиогдсон дуу. Аливаа бүтээл он цаг давж, цаг хугацааг туулж байж үнэ нь цэн нь оршдог. Аргалын утаа суунаглаж л байдаг тэнд гэр минь бий, Алтайн оргил сүндэрлэж л байдаг тэнд бодол минь бий гэхээр уулсын оройд бодолтой гэсэн агуулга юм байна шүү дээ гэж одоо ойлгож байх жишээтэй.

Тэгэхээр даацтай бүтээл гэдэг бол он цагийг даван туулах тусмаа илүү төгөлдөржиж, далд санаанууд нь улам товойн гардаг болов уу гэж бодож байна.

Цэнхэр тэнгэрийн орон дууг хүмүүс таван жилийн өмнө зүгээр аялдаг л байсан. Одоо бол сэтгэлийн гүнээс дуулж, бараг маань тарнийн хэмжээнд аваачих хэмжээний дуу болсонд нь их баярлаж явдаг. Шүлэг бүтсэн түүх маань их өвөрмөц. Таван минутанд бүтсэн гэж хүмүүс нэлээд их ярьдаг л даа. Хилийн цэргийн ансамблейтэйгээ Ховд нутгаар, Баян-Өлгий нутгаар бүтэн явахад уулс нь их бор шаргал, модгүй явж байгаад Увс руу өндөр давааг даваад ороход Үүрэг нуур нь, Цагаан шувуут хайрхан цэнхэртээд л “Миний нутаг ч ёстой л цэнхэр тэнгэрийн орон юм даа” гэсэн бодол төрж байсан. Тэр бодол маань сэтгэл дотор их олон жил дуншиж явсаар тэр бүтээл гарч ирсэн болов уу. Өөрөөр хэлбэл олон жил тээж явж байсан бодол маань задарч бүтээл болж гарч ирсэн учраас тэр хүчээр хүн бүрийн сэтгэлд нь хүрдэг болов уу гэж боддог.

-"С.ЖАВХЛАН БИД ХОЁР НЭГ АРВАН ЖИЛ, НЭГ ИХ СУРГУУЛИЙГ ТӨГССӨН БАГЫН НАЙЗУУД. ТҮҮНД МИНИЙ ШҮЛГИЙГ НЬ БИЧСЭН ОЛОН ДУУ БИЙ"

-Таны энэ дууны шүлэг Д.Нацагдорж гуайн Миний нутаг шүлэгтэй их ойр санагддаг. Та ер нь шүлэг бичихдээ их зураглаж бичдэг хүн үү?

-Увс аймаг ч, Монгол Улс ч цэнхэр тэнгэрийн орон, дэлхий ч цэнхэр гараг. Тэгэхээр цаад далайцын хувьд дэлхийн ч бүтээл. Жижиг сэтгэж бодвол нутгийн ч бүтээл. Жижиг чулуунаас эхэлдэггүй эх орон хаана ч байхгүй. Ийм сайхан эх оронд бид амьдарч байгаа учраас бид магтан дуулахаас өөр арга байхгүй. 

-Ардын жүжигчин С.Жавхлан энэ дууг их сайхан амилуулсан. Яаж яваад энэ дууг С.Жавхлан гуай дуулах болсон бэ?

-С.Жавхлан бид хоёр арван жилийн нэг анги. Их сургуулийн СУИС-ийн нэг төгсөлт. Насан багын андууд. С.Жавхланд маань миний шүлгийг нь бичсэн олон сайхан дуу бий. Буурал даргын нутаг дууг аавдаа зориулж зохиож байлаа. Миний аав Увс нутгийн Давст сумын уугуул хүн байсан. Буурал даргын нутгийн хүн байхгүй юу. Тэгээд нутгийнх нь 90 жилийн ойд зориулж тэр дууг зохиосон юм. Буурал даргын нутаг, Цэнхэр тэнгэрийн орон хоёр дуу чинь бараг чацуу дуу. Зэрэг гараанаас хөдлөөд л Монголын ард түмний сэтгэл зүрхэнд оччихсон дуунууд л даа.

Бас манай С.Жавхлан  бүтээл дээр их цензур тавина. Судалгаа их хийнэ. Бас яруу найрагч миний бодож байдаг зүйл бол С.Жавхланд далд нэг тийм далд увидас байгаа.

Тэр нь дуулах ур зүй дээр ч харагддаг. Сэтгэлгээн дээр ч харагддаг. Бас энэ бүтээл явна, явахгүй гэдгийг мэдээд байгаа байхгүй юу. Уран бүтээлч хүн гэдэг  өөрөө маш том бясалгагч байх ёстой. Хүн төрөлхтний эх хэлийг яруу тансаг болгож байгаа яруу найрагч өөрөө бясалгагч мөн. Хөг эгшгийг яруу төгөлдөр бүтээл болгож байгаа хөгжмийн зохиолчид бясалгагч мөн. Тэр бясалгагч нарын бүтээсэн бүтээлийг өөрийнхөө сэтгэл, оюун, авьяасаараа хүнд хүргэж байгаа дуучид, бүжигчид, жүжигчид өөрсдөө бясалгагчид мөн. Энэ олон бясалгагч нар дундаас төрж байгаа бүтээлийг хайрлахгүй байхын аргагүй. С.Жавхланд тэр увидас их гүн гүнзгий байдаг болов уу гэж боддог. Миний зохиосон олон ч шүлэг түүний дуулснаар Монголын ард түмний сэтгэлд үлдсэн байна.

-"НУТГИЙНХАА ЗОН ОЛНЫГ, ЭЭЖИЙГЭЭ АЯЛАХ ДУУТАЙ БОЛГОСОНДОО Л ХАМГИЙН ИХ БАЯРЛАДАГ"-

-Монголын ард түмэн олон жил дуулсан, цаашдаа ч дуулах, сэтгэлийг хөгжлөж байх дуунуудыг та бичсэн байна. Үүгээрээ та бахархаж, баярладаг уу?

-Би 12 настайдаа аавыгаа алдаад 13 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн. Түүнээс хойш бүтээлүүдээ бүтээлийн түвшинд бодоод үзэхээр хагас мянга орчим бүтээл эрийн цээнд хүрсэн байна. Түүнээс дууны бүтээл 200 гаруй, тайз дэлгэцийн бүтээл ч цөөнгүй бий. Бүтээл болгоныг би шатаж, бардамнаж, онгирч, ганцаардаж, нурж, ялагдлын эрмэгт очсон асар олон он цагийг туулж байж бичсэн. Би нэг л зүйлийг бодож явдаг юм. Миний өрсөлдөгч би өөрөө. Би өөртэйгөө хэдий сайн өрсөлдөж, өөрийнхөө дотор байгаа зүйлийг хэдий сайн хөглөж, шахаж шаардаж чадна тэр чинээгээр сайн бүтээл гарна. Энэ он цагууд миний өөрөө өөртэйгөө өрсөлдсөн, тэмцэлдсэн он цагууд байсан. Тийм болохоор миний бүтээлүүд хэн нэгэнтэй адилгүй байж магадгүй. Дууны бүтээлүүдийн хувьд би зураглаж бичдэг юм билээ. Зураг өөрөө хүний нүдэнд илхэн юм. Тэгж бичсэн дууны шүлэг хүнд их ойрхон очдог юм болов уу. Дууны шүлэг их хүнд байх хэрэггүй. Ер нь дууг хүн ямар үед дуулдаг вэ гэдгийг маш сайн бодох ёстой. Тэгж байж л хүний аманд дуулагдах дуу бүтнэ. Дууг бас тарнийн увидастай зохиох ёстой юм шиг санагддаг шүү. Бясалгаж бич. Ингэж гаргасан бүтээл их даацтай болдог юм болов уу.

Цэнхэр тэнгэрийн орон дууг нутагтаа гаргасандаа хоёр зүйл дээр хамгийн баярлаж явдаг. Нутгийн зон олон минь нутгийнхаа уул, ус, гол мөрөн, хайрхан гээд олон зүйлийг дотроо багтаасан нэг бүтээлтэй болчихлоо гэж.

Үүний өмнө манай нутгийн Увс нуур гэж сайхан бүтээл байсан. Энэ бол тэргүүн бүтээл. Гэхдээ манай нутагт Хархираа, Хан хөхий, Дэглий цагаан гэх мэт маш олон уул бий. Увс, Ачит, Айраг, Үүрэг гээд асар олон нууртай. Хотон, Баяд, дүрвэд, сартуул, илжигэн халх гээд олон ястантай. Тэгээд нэг нуурынхаа дуугаар олон жил явсан. Тэгэхээр энэ болгоныг хурааж нэг сайхан бүтээл болгож өгсөндөө, энэ он цагт энэ бүтээлийг өгсөндөө уран бүтээлч хүний хувьд баярлаж явдаг. Хоёрдугаарт би өөрөө айлын отгон хүүхэд. Их эрх танхил өссөн. Ижийгээ амьд сэрүүн байхад хүүгийнх нь зохиосон дууг ижий минь аялж байгааг сонссондоо хязгааргүй их баярладаг. Яагаад гэвэл ижийдээ хүү нь аялах дуу зохиож өгсөн. За болоо доо гэж бодогдох үе байна шүү дээ. Ээж минь 80 наслаад намрын сард буцсан. Гэхдээ ямартай ч сэтгэлд нь хүрсэн бүтээлийн хэмжээний бүтээл хийж өгсөн өөртөө, бүтээлдээ их баярлаж явдаг даа.

-САЙХАН ДУУГ ҮГИЙН САНГААС БУС СЭТГЭЛИЙН ГҮНЭЭСЭЭ ШҮҮРДЭХ ЁСТОЙ-

-Сүүлийн үеийн дууны шүлгүүдийг хүмүүс, сонсогчид их шүүмжилдэг болж л дээ. Сэтгэлд хүрсэн сайхан үгтэй дуунууд гарахгүй байна гэж та харж байгаа уу?

-Эсрэгээрээ сайхан үгтэй дуунууд их төрж байна. Сайхан үгтэй дуу бичих гэж хүмүүс их оролдож байна. Бас их арга ядаж байна. Хүн дуулахдаа ямар сэтгэл зүй дээр өөрийгөө аваачиж байгаад дуулдаг вэ гэдгийг их сайн бодож судлах ёстой. Хоёрдугаарт сайхан үг гэдэг өөрөө сайхан л даа. Гэхдээ Монголчууд өөрсдөө сайхан үгийг өдөр тутамдаа хэлдэг. Хүүхдийн даахь авсан ч, гэрийн ерөөл хэлсэн ч, гэрийн бууриа зурсан ч, сүүнийхээ дээжийг өргөхдөө ч , амар мэндийг эрэхдээ ч дандаа сайхан үгийг хэрэглэдэг. Цаашдаа ч хэрэглэсээр байна. Харин дууны сайхан гэдэг нь өөр зүйл байхгүй юу. Тэрийг үгийн сангаас шүүрдэхээс илүү сэтгэлийн гүн дотроосоо шүүрдэх ёстой. Бодож бясалгахаас илүү төрүүлэх ёстой. Тэгж байж дуу болж гардаг. Түүнээс биш сайхан үгийг түүж, сайхан санаа оллоо гэж бичсэн дууны үг яг бидний амар мэндтэй адил өнгөрөөд байгаа юм. Их сайхан дуунууд төрж байна.

Хоёр сарын дотор их сайхан гарч ирээд буцаад мартагддаг дуу Монголд хэдэн мянгаараа байна. Мөн гарч ирэхгүй явж явж байгаад дараа нь гараад, улам төгөлдөржөөд, өнгө ороод явж байгаа дуунууд ч олон байна. Төрүүлсэн дуу гэдэг бол яг хүн шиг өсөж хөгжиж байдаг.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-100 жилдээ зориулж номын багц гаргасан. Номын багц гэхээр гайхаж магадгүй. Миний ном дотор зургаан бүлэг бий. Зургаан бүлэгт зургаан өөр ертөнц оршиж байгаа. Эхний бүлэг дээр миний аавын тухай бүтээлүүд байгаа. Хоёр дахь бүлэгт ижийн тухай бүтээлүүд бий. Түүний дараа хүний амьдралыг тулж түшдэг хань, үр хүүхдүүдийн тухай. Дараа нь Цэнхэр тэнгэрийн орон буюу 21 аймгийн дууны бүтээл. Мөн нутаг, уул, усны тухай бүтээлүүд, найраглал, бодрол эсээнүүд, тайз дэлгэцийн бүтээл буюу кино зохиол нэг, жүжгийн зохиол нэг, дуурийн зохиол нэг багтсан. Ерөнхийдөө шүүрдэж, шүүрдэж өөрийнхөө бичсэн бүтээлүүдээ багцалж хураангуйлж, энэ номын дээжээ гаргасан. Энэ бол миний эрийн цээнд хүрсэн бүтээлүүдийн нэг цогц юм. Номыг маань авахыг хүсвэл Улсын их дэлгүүр болон Номин худалдааны төвүүдэд байгаа. 100 жилээр маш олон хувь хэвлэгдэж, олон ч хүн авсан бүтээл дээ.

-20 ГАРУЙ ЖИЛ ХИЛИЙН ЦЭРГЭЭР ОВОГЛОЖ ЯВСНААР ЭХ ОРНЫ ТУХАЙ ИХ ӨРГӨН ТАЛЫН МЭДЛЭГ, ОЙЛГОЛТ ОЛЖ АВСАН-

-Таны энэ сайхан авьяас нь ажил мэргэжилтэй нь хэрхэн холбогдож ирсэн бол. Хилийн цэргийнхэн олон газар орноор, хилээр их явдаг. Тэгэхээр таны эх оронч бодол түүнээс эхтэй болов уу ч гэж бодож байна?

-Монгол Улсын хилийн цэрэг гэдэг энэ айлд 20 гаруй жил ажиллаж, амьдарснаараа эх орны тухай их өргөн цар хүрээний ойлголтыг авсан. Одоо цагт яруу найрагч, зохиолчид төдийлөн Монгол Улсын хил хязгаар гэж ямар юм байдгийг, эх орны хил дээр ямар үнэ цэн оршдгийг, нэг сөөм газрын наана байгаа чулуу бүлээн санагдаж, цаана байгаа чулуу хүйтэн санагдах тэр мэдрэмжийг, нэг хилийн баганын ганцхан зураас дээгүүр шувуу нисээд гарахад түүнийг харамлан уйтай зогсохыг мэдэрч ойлгох боломж бололцоо хомсхон байгаа байх. Тэр болгоныг мэдэрч, шаналж, баярлаж, бахархаж байдаг учраас миний номд хил, хилчдийн тухай бүтээл тохмоохон байр суурийг эзэлдэг. Их ч бичсэн. Ялангуяа эх орны үнэ цэнийн тухай их бичсэн. Бичих болгондоо өөрийгөө эх оронч юм байна гэж бодсон юм. Ер нь бүтээлүүдээсээ өөрөө бас суралцдаг шүү дээ. Миний уран бүтээлтэй ажил мэргэжил маань тэгж холбогдсон байна даа. Би уран бүтээлийн талаар бодоогүй, урлаггүйгээр өнгөрөөсөн нэг ч он цаг, хором байгаагүй.

-Өөрөөрөө овоглосон бүтээл төрүүлэх нь бас уран бүтээлч болсны гавьяа юм болов уу?

-Бүтээлээрээ овоглогдож явах их сайхан. Цэнхэр тэнгэрийн орон гэдэг нь өөрөө их өргөн цар хүрээний агуулга. Тэгэхээр тийм том агуулгатай бүтээлээр овоглогдож явна гэдэг, Уртнасангийн Пүрэвсүрэн гэж аавынхаа нэрийг дуудуулж явна гэдэг их сайхан. Нэгдүгээрт үнэ цэн өснө. Бүтээлийн даац ч дагаад өсөх ёстой. Ийм бүтээл хийчхээд дараагийн бүтээл үүнээс муу байж болохгүй. Тэгэхээр өөрийгөө илүү анирдаж, бодож байж бүтээлүүдээ эрж, нэхэж гаргаж ирж байна. Би жижиг бодож, бүтээж, жижиг үг хэлж болохгүй. Гэхдээ энэ орчлон хорвоо дандаа сайн сайхан биш. Миний уран бүтээлд ч адгийн хүний тухай бүтээлүүд олон бий. Ард түмний их хайран дунд байх сайхан. Хамгийн аюултай нь түүнийг дагаад атаа хорсол их байдаг. Ялангуяа сүүлийн үед ихсэж байна уу даа. Олон залуус мохож байна. Тэгэхээр титэм мэт бүтээл хийсэн хүмүүс түүн лүгээ л явах ёстой. Тийм болохоор залуу уран бүтээлчдэд хэлэхэд энэ атаархал бол угаас урлагт байсан. Байсаар ч байна. Одоо цаг үед ялангуяа ухаантай хүнийг ялгах их хэцүү болж. Гэхдээ уран бүтээлүүд нь он цагийн эрхэнд ялгаад л өгнө.

-Ярилцсан танд баярлалаа.