Хэсгийн ахлагч нар гэх сонгуулийн схемыг угсарч өгдөг, төсвийн мөнгөөр угжуулж, иргэдийн мэдээллийг төрд дамжуулах үүрэг бүхий Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгжийн бус ажлын байр манай улсад бий. Тэд бол таны, миний төлсөн татварын мөнгөөр цалинжиж, сонгуульд хэн, хэдэн төгрөгөөр саналаа худалдах вэ гэдгийг тооцдог намын бүлжээ бүхий систем л гэсэн үг. Тэгвэл хэсгийн ахлагч нарын ажлыг цахимжуулж, энэ төсвийг төрийн албан хаагчид буюу эмч нарын цалинг нэмэхэд зарцуулах бүрэн боломжтой байна.
-ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН БУС БҮТЭЦ БУЮУ “ХЭСГИЙН АХЛАГЧ” ГЭХ АЖЛЫН БАЙРЫГ НИТХ БИЙ БОЛГОЖЭЭ-
Үндсэн хуулийн 57.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж заасан. Гэтэл хороогоо ахиад “хэсэг” болгон хуваагаад тэр хэсэг бүрдээ “хэсгийн ахлагч” гэх Үндсэн хуулийн бүтцийн бус албан тушаал зохиож, МАН сонгуулийн схемээ угсруулж байна. Учир нь хэсгийн ахлагч нарын гол үүрэг нь мэдээлэл цуглуулах, дамжуулах гэсэн бий. Өөрөөр хэлбэл …дугаар тоотод амьдардаг Дорж, Батын амьдралын түвшин, амьжиргаа ямар байгааг судалж, сонгуулийн үеэр хэн мөнгөнд санал өгч болох тооцоог гаргадаг ажлын байр гэдгийг хүн бүр, гишүүн болгон мэддэг ч өдийг хүртэл чимээгүй суусаар иржээ. Тэгвэл энэ Үндсэн хуулийн бүтцийн бус ажлын орон тоог хэрхэн бий болгосныг судалж үзвэл хуулиар ч бус НИТХ-ын тогтоолоор бий болгосон байх аж.

Тодруулбал, Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэсэн заалт бий. Гэтэл энэ заалтад үндэслэн НИТХ тогтоол гаргаж, хэсгийн ахлагч гэх ажлын байрыг бий болгосон байгаа юм.
Одоогийн байдлаар зөвхөн нийслэлийн хэмжээнд 1970 орчим хэсгийн ахлагч нар ажиллаж байна. Тэднийг нийслэлийн төсвөөс цалинжуулдаг. Өнгөрсөн хавар цалинг нь 1.2 сая болгон нэмсэн бол энэ жил хэсгийн ахлагч нарын цалинг дахин нэмж, төсвийн 28 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоолол гаргажээ. Гэтэл эрүүл мэндийн салбарын ихэнх нь ажилчид ч 1.5 сая төгрөгийн цалин авахгүй байгаа. Үүгээр зогсохгүй тэд өөрсдийн тусгайлсан өдөртэй. Багш нарын баяр, хүүхдийн баяр, цэргийн баяр гэдэг шиг “Хэсгийн ахлагч нарын өдөр” гэж арваннэгдүгээр сарын 9-ний өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

-ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН АЖЛЫГ ЦАХИМЖУУЛЖ, ОРОН ТООГ НЬ ЦОМХОТГОХ ХУУЛИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАЯТБАЯР, Ө.ШИЖИР НАР ӨРГӨН БАРИНА-
Тэгвэл энэхүү МАН-ын сонгуулийн сүлжээ буюу хэсгийн ахлагч нарын хийдэг ажил гэх мэдээлэл цуглуулах, дата бааз бий болгох ажлыг цахимжуулах бүрэн боломжтой бөгөөд зарцуулж буй төсвийн мөнгийг эмч, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг нэмэхэд зарцуулах бүрэн боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Ө.Шижир нар онцлон хэлж байгаа бөгөөд ирэх хаврын чуулганд энэ ажлын цомхотгож, ажлыг нь цахимжуулах хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байгаа аж.
ВИДЕО:
Д.Батбаяр: Хэсгийн ахлагч нарын ажлыг өөрчлөх хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барина @Tsogtgerel_O @Zandanshatar pic.twitter.com/D8ypeMzR9M
— iSee.mn (@iSee_MN) November 12, 2025
Ингээд энэхүү албан тушаалыг байхгүй болгохоор зөвхөн нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 1900 гаруй иргэд яах вэ, ажилгүй болоод үлдэх үү гэсэн асуудлыг иргэд ярьж буй. Энд Аргентины жишээг дурдаж болно.
Аргентины Ерөнхийлөгчөөр Хавьер Жерардо Милей сонгогдсоныхоо дараа төрийн алба хаагч, яам агентлагийнхаа тоог 50 хувь цомхотгосон. Үүний үр дүнд баахан ажилгүй хүмүүс бий болсонгүй. Харин ч эсрэгээрээ тэдгээр хүмүүс хувийн бизнес эрхэлж, энэ нь хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжих нэг бодлого болсон байна. Ингээд өнөөдөр буюу хоёрхон жилийн дотор Аргентины эдийн засаг тасралтгүй өссөөр, тэлсээр дэлхий нийтийн жишиг болж буй. Иймд аливаа төрийн албан тушаалыг цомхотгохдоо тэр хүмүүс ажилгүй болоод яаж амьдрах вэ гэдэгт бус тэр хүмүүст илүү өргөн боломж нээгдэж байгааг сануулж өгөх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Ө.Шижир нарын бэлтгэж буй хуулийн төслөөр бол хоёр хуулинд өөрчлөлт хийх шаардлагатай байгаа бөгөөд мэдээж МАН олонх тул дэмжихгүй байх магадлал их. Хэрвээ дэмжигдэхгүй бол Цэцэд хандах боломжтой аж. Учир нь дээр дурдсанчлан Үндсэн хуульд заасан засаг захиргааны бус буюу хороог ахиад “хэсэг” болгож хуваасан бүтэц нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд Цэцэд хандах боломжтой аж.