Өнгөрсөн сард Хотын дарга Х.Нямбаатарын пиар идэвхжиж, түүнийг энэ долоо хоног /2025.11.15, 16/-т болох МАН-ын Их хурлын үеэр тус намын даргад өрсөлдөх нь гэх мэдээлэл гарсан.
-СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД ТҮҮНИЙ БИЕ ЧИЛЭЭРХЭЖ ТОГТМОЛ ГАДААДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ БОЛЖЭЭ-
Хамгийн сүүлд тэрбээр, түлшний асуудлаар цэгүүд болон айл өрхүүдээр явж ажилласан. Түүний өмнө НИТХ-ын хурал дээр нийслэлийн албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ гэдгээ зарлаж, Туул голоор завьтай яван бохирдлын асуудлыг хөндсөн. Мөн Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил дээр очиж ажиллажээ. Энэ мэтээр идэвхжсэн түүнийг нийслэлийн МАН-ын хорооны даргаас МАН-ын даргад өрсөлдөх нь үү эсвэл хотын дарга, нийслэлийн намын даргын ажилдаа үлдэхийн тулд ингэж байна уу гэж дүнэж байв. Ингэж тэрбээр идэвхтэй байж байгаад өнгөрсөн долоо хоногоос нам гүм болсон юм.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатарын бие нэлээдгүй чилээрхэх болсон тул тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч магадгүй болсон байна.
Тодруулбал, сүүлийн нэг жилийн хугацаанд Х.Нямбаатарын бие чилээрхэж, тогтмол шахуу гадаадад очиж эмчилгээ хийлгэх болсон байна. Бүр сүүлийн долоо хоногт нам гүм болсон нь нь эрүүл мэндийн асуудал нь хүндэрсэнтэй холбоотой байж болзошгүй гэ мэдээлэл ч байна. Тиймээс Хотын дарга Х.Нямбаатарын хоёр орлогч болон Т.Даваадалай, А.Амартүвшин нар энгэртээ микрофон зүүж энэ, тэнд явах болсон байна. Түүний хоёр орлогч хотоор явж энэ талаараа шууд дамжуулж, хүн загнаж, хүний эрхийн мэдрэмжгүй зүйл ярьсныхаа төлөө олон нийтийн дургүйцлийг төрүүлж яваа.
Иймээс хотын дарга Х.Нямбаатарыг Т.Даваадалай, А.Амартүвшин нар түр орлоод байх уу эсвэл тэдний оронд НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгаланг авчрах уу гэх хоёр хувилбар яригдаж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм.
Нийслэлийн намын даргын ажлаа тийм ч амар өгчихгүй тэрбээр ямартай ч хотоос холдож магадгүй болсон бөгөөд түүний дараа намын ажлаа идэвхжүүлэх үү эсвэл хэсэг чимээгүй байж байгаад 2028 оны сонгуулиар гарч ирэх үү гэдэг нь анхаарал татаж байна.