Манай улсын эрчим хүчний салбар үргэлж асуудалтай байсаар ирсэн. ОХУ-аас эрчим хүчээ импортолдог манай улсын хувьд эрчим хүчээ өөрсдөө бие даан үйлдвэрлэх нь чухал асуудлын нэг. Мөн өнгөрсөн хугацаанд цахилгаан станцуудад дорвитой засвар шинэчлэлт хийгдээгүйгээс гэмтэл гарч, цахилгаан эрчим хүч тасалдахад бэлэн байгаа тухай салбарынхан нь хэлдэг билээ. Тэгвэл энэ удаа энэ өвлийн бэлтгэл байдал болоод эрчим хүчний салбарын талаар “ДЦС-4“ ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатартай ярилцлаа.
ВИДЕО:
"1993 ОНД ЗУУХНЫ ЦЕХИЙН АЖИЛЧИД ШАГАЙГААР ТАТСАН ҮНС, УСАН ДУНД АЖИЛЛАДАГ БАЙЛАА"
-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Энэ байгууллагат хэзээнээс ажиллаж байна вэ?
-Миний хувьд 1993 онд “ДЦС-3” ТӨХК-д зуухны ээлжийн засварчин гэх албан тушаалтайгаар энэ байгууллагатаа нэгдсэн байдаг. Тухайн үед би 20 орчим настай л залуу байлаа. 16 настайдаа Дархан-Уул аймгийн политехник коллежид элссэн. Тэгээд тус коллежоо төгсөөд шууд “ДЦС-3” ТӨХК-д орсон гэсэн үг. Улмаар ээлжийн дарга, засварын мастер, зуухны засварын инженер, зуухны цехийн дарга, “ДЦС-3” ТӨХК-ийн ерөнхий инженер зэрэг бүх л албан тушаалд томилогдон ажилласан байдаг. Ер нь бол мерит зарчмаар явж ирсэн гэсэн үг. Харин “ДЦС-4“ ТӨХК-ийн ерөнхий инженерээр хоёр жил гаруйн өмнө томилогдон ирсэн байдаг.

-Тухайн үеийн ажиллах нөхцөл байдал ямар байсан бэ. Мэдээж өнөө цаг үетэй харьцуулагдахгүй байх.
-1990 он гарч, зах зээлд шилжих үед буюу талх, сүүндээ оочирлож байсан хүүхдүүд эрчим хүчний салбарт орсон гэсэн үг. Одоо бодоход тэр үе үнэхээр хүнд санагддаг. Харин тухайн үед бол залуу хүүхдүүд юугаа ч мэдэхгүй л ажилладаг байсан байх. Найз нөхөд минь ажил дээр ирээд намайг нүд, шүдээр маань л таньдаг байлаа. Анхны ажлын байр буюу зуухны цех шагайгаар татсан үнс, ус, дуу чимээтэй байдаг байсан. Технологи нь нүүрсийг нунтаглаад шатаадаг. Тэр үед бол яах араггүй орчин нөхцөл маш хүнд байсан. Өнөөгийн энэ нөхцөл байдалтай харьцуулахад бол газар, тэнгэр шиг л ялгаатай шүү дээ.
-"ДЦС-4 ТӨХК МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМГИЙН ТОМ ЭХ ҮҮСВЭР"-
-“ДЦС-4“ ТӨХК-ийн хувьд хоногт хэр их хэмжээний нүүрсийг шатааж, цахилгаан, эрчим хүчийг үйлдвэрлэж байна вэ?
-Манай “ДЦС-4“ ТӨХК-ийн хувьд Монгол улсын эрчим хүчний хамгийн том эх үүсвэр. Дулаан болон цахилгааныг үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар УБ хотын дулаан хангамжийн 55 хувийг дангаараа хангаж байна. Төвийн бүсийн цахилгааны эрчим хүчний 58 хувийг дангаараа мөн адил хангаж буй. Бид өвлийн их ачааллын үед хоногт 15-16 мянган тонн буюу 240-260 вагон нүүрсийг түлдэг. Харин өнөөдрийн байдлаар бид ямар нэгэн нөөц тоноглолгүй үйлдвэрлэл явуулж байгаа.
Нийт найман зуух, долоон турбин бүгд бүрэн ачааллаа авсан байна. Дулаан дээр 12.700 тонн усыг халааж, эрчим хүчний үүргээ бүрэн хариуцаж байна.Өнөөдрийн байдлаар манай станцад суурилагдсан хүчин чадал, ашиглалт 94 хувьд хүрсэн нөхцөл байдалтай байгаа.

-Үүнээс цааш хүйтэрвэл нөхцөл байдал яах вэ?
-Хүйтэрбэл дулааны тоноглолуудаа нэмж, залгана. Бид энэ жилийн горимоор бол 16 мянган тонн ус халаахаар байгаа. Нөхцөл байдал амаргүй байгаа ч бид хүлээсэн үүргээ биелүүлнэ. Өвлийн бэлтгэл байдлаа хангалттай сайн бэлдсэн гэж үзэж байгаа. 2025 онд өвлийн бэлтгэл ажилтай холбоотойгоор олон ажлыг төлөвлөсөн. Тухайлбал, хоёр зуухны их засварын ажлыг 2025.03.15-нд эхлүүлж байлаа. Улмаар их засварын ажил 2025.10.15 гэхэд бүрэн дууссан байна. Манай салбарт их засвар хийх шаардлагатай бөгөөд санхүүжилт байхгүй гэж бүгд ярьдаг. Энэ бол үнэн. “ДЦС-4“ ТӨХК-ийн хувьд зогсох эрх байхгүй. Зарим цахилгаан станцыг 3-4 хоног унтрааж, их засвар хийдэг. Гэтэл бидэнд тийм боломж байхгүй. Гурван турбин, гурван зуухтай үлдэж байгаад сэлгэж, засварладаг. Мөн манай гол зуухыг 90 хоногоос илүү зогсоох боломж байдаггүй. Бидний хэд хоногийн дараа хэр их ачаалал авах нь нарийн төлөвлөгөө гарсан байдаг. Ийм учир нарийн төлөвлөгөө гаргаж, боломжит хугацаандаа тохирсон засвар хийдэг.
Илүү их хэмжээний засвар хийе гэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажиллах хүчин зэрэг асуудал гардаг. Их засварыг гаднын хүчээр хийдэг. Харин турбины засварыг өөрсдөө хийдэг.
-"МАНАЙ НҮҮРС НӨӨЦЛӨХ ТАЛБАЙД 260 МЯНГАН ТОННЫ БАГТААМЖТАЙ Ч 353 МЯНГАН ТОНН НҮҮРС НӨӨЦӨЛСӨН"-
-Хэдий их хэмжээний нүүрс байвал хангалттай нөөцтэй байна гэж үздэг вэ?
-Бид авч байгаа ачааллаасаа хамаарч 20 хоногийн нөөцтэй байх ёстой гэсэн сайдын тогтоол байдаг. Тэр нөөцөө бариад явж байна. Манай нүүрс нөөцлөх талбайд 260 мянган тонныг хадгалах багтаамжтай. Гэтэл бид өнөөдөр өвлийн их ачаалалд зориулж 353 мянган тонн нүүрс нөөцөлсөн байна. Өөрөөр хэлбэл, бид 100 мянган тонн илүү нүүрс нөөцөлж байж өвлийн ачаалалдаа орж байна гэсэн үг. Уурхайд ямар нэгэн асуудал гарахад бид нүүрсгүй байж болохгүй шүү дээ. Эрсдэлээ тооцож буй хэрэг юм. Өнөөдрийн байдлаар 21 хоногийн нөөцтэй байна.

-Нүүрсний татан авалтын хувьд хүндрэл бэрхшээлтэй зүйл гардаг уу?
-Мэдээж, нүүрсний татан авалт дээр асуудал үүсдэг. Монгол улсын эрчим хүчинд хамгийн бага өртгөөр эрчим хүчээ нийлүүлдэг байгууллага. Улмаар өөрсдийн үйлдвэрлэсэн цахилгаан, эрчим хүчний 11 хувийг өөрсдийнхөө дотоод хэрэгцээнд зарцуулдаг. Энэ бол хамгийн бага хэмжээ. Манайх шиг ийм багийг зарцуулдаг станц байхгүй. 1996 оны үед цахилгаан эрчим хүчийг 2 тэрбум 500 саяыг үйлдвэрлэж байсан. Гэтэл өнөөдөр бидний боловсруулалт 5 тэрбум хүрсэн байна. Дулааны эрчим хүчний түгээлт нь 1996 оны үед хоёр тэрбум орчим байсан бол 5 сая эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж байна. Эндээс харахад л ямар агуу үйлдвэр вэ гэдэг нь харагдана. Тийм ч учир энд ажиллаж байгаа хүн бүр бахархахгүй байхын араггүй.
-"НЭМЭЛТЭЭР НЭГ ЗУУХ БАРЬЧИХ ЮМ БОЛ 25 МЯНГАН АЙЛЫГ ЦАХИЛГААН, ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА"-
-Цаашид тоног төхөөрөмж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх чиглэлд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Монгол улсын хэмжээнд дулааны хэрэглээ хүндрэлтэй байна. Дулааны хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлд манай станцад шинээр зуух барих шаардлагатай байна. Манай байгууллага одоо найман зуухтай байгаа. Нэмэлтээр нэг зуух барьчих юм бол хүчин чадал нэмэгдэнэ гэсэн үг. Тэр хэмжээгээр уурын дутагдалд орсон байгаа турбинууд цахилгаан үйлдвэрлэх чадвар нь нэмэгдэнэ. Нэг зуух нэмэгдэхэд 25 мянган айлыг цахилгаан, эрчим хүчээр боломж бүрдэнэ. Мөн тоноглолуудыг нөөцөд авах, бэлтгэх, засвар хийх хугацаа нэмэгдэнэ.

-Танай байгууллагат хэдэн хүн ажилладаг вэ?
-Манай станц нийтдээ 1486 ажилтан, алба хаагчтай. Нэг хэсэг нь ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг бол нөгөө хэсэг нь засварын үйл ажиллагаа хариуцдаг. Мөн захиргааны алба хаагчид байдаг. Үүнээс ашиглалтын ээлж 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.
-Хэрэглэгчид цахилгааны үнэ харилцан адилгүй гарсан байна хэмээн шүүмжилдэг. Үүн дээр юу хэлэх вэ?
-Эх үүсвэрээс нэг л үнээр гарч байгаа. Харин хэрэглэгч дээр гарч байгаа эрчим хүчний үнэ тоолуураас шалтгаалж харилцан адилгүй гардаг. Хэрэглэгч нар 18-22 цагийн хооронд арай өндөр үнэтэй байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ үед хүн бүр оройн хоолоо хийж байдаг гэсэн үг шүү дээ. Шөнийн тариф, оргил ачааллын үеийн тариф зэрэг өөр гэдгийг иргэд мэдэх хэрэгтэй. Иймд оргил ачааллын үед ашиглаагүй гэрлээ унтрааж, залгуураа салгах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үг.
