Хайгуулын лицензийг зогсоож, Хөрөнгө оруулагчдыг үргээх ажлыг Г.Занданшатар тэргүүтэй улс төрчид хийсний дүнд "Mining Weeк 2024"-д гаднын хөрөнгө оруулагчид бараг ирсэнгүй

Хайгуулын лицензийг зогсоож, Хөрөнгө оруулагчдыг үргээх ажлыг Г.Занданшатар тэргүүтэй улс төрчид хийсний дүнд "Mining Weeк 2024"-д гаднын хөрөнгө оруулагчид бараг ирсэнгүй

Аж, үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул уурхайн ассоциациас хамтран зохион байгуулж буй Уул уурхайн долоо хоног буюу "Mining Week 2024" арга хэмжээ өнөөдөр /2024.10.02/ Налайх дүүрэгт эхэлж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг хэмжээ нь энэ сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой ч биднийг тоож хөрөнгө оруулах гадныхан бараг ирээгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.

-ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ЗҮГЭЭС 5000 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОНО ГЭЖ БАЙГАА Ч ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БАРАГ ИРЭЭГҮЙ БАЙНА-

Энэ жилийн "Mining Week 2024" арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс Австрали, АНУ, Герман, Япон, Франц, БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг 20 гаруй орны 300 орчим зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 5000 гаруй төлөөлөл чуулна гэх сайхан зүйл ярьж байгаа ч бодит байдал дээр дээрх мэдээлэл зөрж байгаа бөгөөд Монголыг сонирхох гадныхан байхгүйтэй ижил байгаа аж. Харин үүнийг хоёр шалтгаантай гэж мэргэжлийнхэн дүгнэж байна.

Тодруулбал, Нэгдүгээрт, сүүлийн жилүүдэд "хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр нэмж олгохгүй" гэж шийдвэр гарсан. Хоёрдугаар, хөрөнгө оруулж болох хайгуул болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ордуудын ихэнхийг манай дарга нар авчихсан. Дарга нар тус орддоо гаднын хөрөнгө оруулагчдыг оруулахаар ажиллаж байгаа ч хулхидуулах эрсдэлтэй, манай улсын хууль эрх зүйн орчин сул зэргээс болж хөрөнгөө оруулахдаа эргэлзэж, итгэлтэй муутай байгаагаас үүдэн энэ салбарын хөрөнгө оруулалтыг асар ихээр сулруулж байгаа аж.

2011, 2015 онууд болоод 2019 онд Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохыг хориглосон шийдвэрийг гаргаж байсан байна. Ийнхүү хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг олон удаа зогсоосон нь хөрөнгө оруулагчдийн тоо буурах гол шалтгаан болсон байна. 

Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо хэт буурсан нь ашигт малтмалын орд илрүүлэх, түүнийг ашиглалтад бэлтгэх үйл ажиллагааг саатуулж байгаа бөгөөд өнгөрсөн 25 жилийн хугацаанд 16 мянга гаруй тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1696 аж ахуй нэгжээс өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа 362 орчим уурхай байгаа нь энэ салбарт төрийн урт хугацааны, тогтвортой бодлого шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм.

-ХАМГИЙН СҮҮЛД У. ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД, Д.СУМЪЯАБАЗАР УУЛ, УУРХАЙН САЙД БАЙХДАА ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮР ХУГАЦААНД ЗОГСООЖЭЭ-

Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлд буюу 2019 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар, Д.Сумъяабазарыг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад дээрх шийдвэр гарчээ. Ерөөс популистууд улс орныг хорлож, хөгжил дэвшлийг гацаадаг. Манай улс төрчид үүндээ гарамгай бөгөөд парламентын гишүүдээс гадна дарга нь хүртэл оролцож явсан түүх бий.

Тодруулбал, Салхитын ордыг төрд авах ажлын автор нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга, харин технологийг хэрэгжүүлэгч нь УИХ-ын дарга асан Г.Занданшатар. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа 2018 оны 12 дугаар сард тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулж Дундговь аймгийн Гурвансайхан суманд байдаг алт, мөнгөний том орд болох Зүүн болон Салхитын ордын 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, улсын мэдэлд авсан. Улмаар тэтгэврийн зээлтэй иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх, зээлгүй ахмадуудад хувь хүртээх ажлыг хийж байв. Монголын ард түмний уухайн дуу, алга ташилтын дор хэрэгжсэн тусгай ажиллагаа нөгөө талаар Монголд хөрөнгө оруулалт хийвэл төрд нь ийнхүү дээрэмдүүлнэ гэсэн таагүй мессежийг гаднынханд өгсөн байж магадгүй. Харин үүнээс хойш хэдийнээ зургаан жил өнгөрчээ.

-ӨНГӨРСӨН ПАРЛАМЕНТАД З.ЭНХБОЛД, Г.ЗАНДАНШАТАР НАР НИЙЛЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ҮРГЭЭХ ХЭД, ХЭДЭН ҮЙЛДЭЛ ХИЙСЭН-

Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 30.2-д “Энэ хуулийн 30.1-д заасан маргааныг 6 сарын дотор хэлэлцээний замаар шийдвэрлэж чадаагүй, талууд өөрөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг зохицуулах олон улсын төвийн арбитрын журмын дагуу шийдвэрлүүлж болно” гэсэн заалт байсан ч мөн л Х.Баттулга, Г.Занданшатар нар энэ жил гацаагаад зогсоосон.

Үүнээс үзвэл Монголд хөрөнгөө оруулаад хулхидуулбал, олон улсын шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй юм байна гэх ойлголтыг мөн гадныханд өгсөн байх магадлалтай. 

Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар, хүчин төгөлдөр мөрдөгдөөд 11 жил болчихсон  “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1 дэх заалтаас “эзэмшүүлэх” гэсэн үгийг хасах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрөгч нэгдүгээр сар /2024.01/-д УИХ-д өргөн барьсан. Гэтэл Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан энэхүү хуулийн төсөл “улс төрөө даалгүй зогссон” юм. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга уг “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр улс төр хийж, “Ч.Хүрэлбаатар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх хуулийн төслийг оруулж ирлээ” хэмээн илт худал мэдэгдлийг удаа дараа хийснээр хуулийн төсөл гацсан юм. 

Үнэндээ Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийн 16.1.1-д “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж оруулж, Х.Баттулга нарын яриад байгаа “эзэмшүүлнэ” гэсэн үгийг хассан байсан юм.

Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын улс төрийн “худал” пиарыг УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлж, “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1-д заасан “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэхашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид Монголд “газар ашиглах” боломжгүй болж манай улсын уул уурхайд хөрөнгө оруулахгүй байх нөхцөл бүрдэж байж болзошгүй байгаа юм.  

Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар нь нэр бүхий гишүүдийн хамтаар ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн хурлын саналыг заавал үндэслэх, тухайн орон нутгаас томилсон хянан шалгагчийн дүгнэлтийг харгалздаг байх зарчмын зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж буйгаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, иргэдийн төлөөлөл нь татгалзаад байхад ашигт малтмалын зөвшөөрөл олгодог байдлыг болиулж, өмнө хэрэгждэг байсан зохицуулалтыг эргэн сэргээх саналыг гаргасан. 

Гэтэл Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар голлох байр суурь эзэлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 25, экспортын орлогын 90, төсвийн орлогын 30 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, экспортын 10 бараа бүтээгдэхүүний ес нь байгалийн баялаг байна. Гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг тус салбар дангаар эзэлж байна. Гэтэл дээрх шалтгаануудаар хөрөнгө оруулагчдаа үргээсээр байгаа нь энэ жилийн "Mining Week 2024" арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчид бараг оролцохгүй байгаа нь үүний нэг илрэл юм.