Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас эрсдсэн хэрэгт холбогдсон эмч нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.
Тодруулбал, Э.Нарангэрэл, Г.Хашчулуун нар нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмчээр ажиллах явцдаа Б.О-г дуудлагын дагуу очиж, эмчийн үзлэг хийхдээ, түүний биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй, мөн тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэл зүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүйгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн Б.О нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яаралтай тусламжаар хүргэгдэн эмчлүүлж байгаад 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 02 дугаар сард хэргийг хэлэлцээд шүүгдэгч Г.Хашчулуун, Э.Нарангэрэл нар нь үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн нэгдсэн эмнэлэгт, болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас тусламж үйлчилгээний хожимдол гарсан, эмч нар тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэл зүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан. “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, 5,4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны зургаадугаар сард хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Тэгвэл хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийхдээ хэрэгт нөлөөлөхүйц нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй орхисон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар амь хохирогч Б.О болон түүний ар гэрийнхэн нь шүүгдэгч Г.Хашчулуун, Э.Нарангэрэл нарт хэлээгүй нь биеийн эрүүл мэнд болон эмнэлзүйн бүрэн гүйцэт дүгнэлт хийх боломжгүй байдал бий болсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан тухайн нөхцөл байдлыг мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэж дүгнэн шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгож тэднийг цагаатгаж шийдвэрлэлээ.