Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр өглөө 09.00 цагт хуралдаж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн.
Ингээд "Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон 22 гишүүний 19 гишүүн буюу 86 хувь нь огцруулахыг дэмжсэнгүй. Харин гурван гишүүн буюу 13.6 хувь нь зөвшөөрсон. Одоо уг асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал болон УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт " Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг та бүхэн харсан байх. Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн олонх уг хуралдаанд оролцсон. Огцруулъя гэж гарын үсэг зурсан гишүүдээс гуравхан нь огцруулахгүй гэдэг саналыг өгч, гайхашрал төрүүллээ. Харин 19 гишүүн огцруулахгүй гэж санал өгсөн. Үүнийг хуралдаан даргалагчаас "Ямар дэг, томъёоллоор Засгийн газрын асуудлыг хэлэлцэх гэж байна вэ" гэж асуух гэсэн боловч горимын саналыг хүлээж авсангүй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааныг даргалах гэж байгаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай уулзсан. Түүнээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ямар томъёоллоор санал хураах вэ гэж асуухад "Байнгын хорооны гаргасан саналын томъёоллоор санал хураана" гэж байна.
"Ингэвэл Үндсэн хууль зөрчинө шүү" гэхэд "Мэдэж байгаа" гэсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг зөрчиж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт:
“Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын огцруулах саналыг УИХ-ын нийт гишүүдийн олонх дэмжсэн бол огцрох ёстой. Хоёрдугаарт, Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэдгээр санал хураалтыг явуулах ёстой юм. Энэ талаар УИХ-ын Дэгийн тухай хуулийн
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх дэгийг хуульчилсан бөгөөд түүний:
- 3 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураана”
- 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.” гэж тус тус заасан.
Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд УИХ-ын гишүүний ¼-ээс албан ёсоор тавьсан “Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураана гэсэн байгаа.
Үндсэн хуульд заасан томъёоллоор санал хураах ёстой байтал байнгын хороон дээр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэдгээр санал хураалгаж, гишүүдийн хуультай танилцах боломжийг хааж байгаад дээрээс нь кнопондоо хүрэхгүй байлгах байдлаар Засгийн газрыг унагах үйлдэл хийх гэж байна" гэлээ.
Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүйг дэмжих үү гэдгээр санал хураавал маш олон хуулийг зөрчиж, Ерөнхийлөгчийг хориг тавихад хүргэнэ мөн хууль зөрчиж санал хураасан хүнийг эргүүлэн татах нөхцөл бүрдэж, Үндсэн хуулийн цэц дээр очих магадлалтай.
Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал " 2012 оноос хойш улс төрд явахдаа ийм увайгүй зүйлийг анх удаа харж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очирын нэвтрүүлэгт ярихдаа ярьсаны дараа шүлс нь хатаагүй байхад өнөөдөр танихын аргагүй хүн болжээ. Хуулийг гууль болгож , төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус замаар авахаар увайгүй үйлдэл гаргаж байгаа нь ёс зүйн хувьд үнэхээр дорд орлоо. Дэмжээгүй саналыг дэмжье гэдэг хууль зөрчсөн санал хураалтыг явуулж Засгийн газрыг хууль бусаар огцруулах арга заль, ов мэхийг ашиглаж байна" гэлээ.
Хэрвээ хуулийг зөрчиж Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураалгавал МАН-ын бүлгийн олонх гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй гэлээ.
ВИДЕО: