“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Цэц хянахгүй” гэх хуулийг хүчингүй болгох замаар “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг өөрчилж У.Хүрэлсүхийн эрхийг сунгах нь

“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Цэц хянахгүй” гэх хуулийг хүчингүй болгох замаар “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг өөрчилж У.Хүрэлсүхийн эрхийг сунгах нь

Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бий. Улс төрчид энэ залтаас Зөвхөн нэг удаа гэснийг хасахаар хуйвалдаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Үндсэн хуулийн журмын тухай хуулиас “Үндсэн хуульд найман жилийн дотор өөрчлөлт оруулахыг хориглоно” гэх заалтыг Үндсэн хуулийн Цэцээр хүчингүй болгуулж, дараа нь “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг өөрчлөн үр дүнд нь У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллах боломжийг нээж өгч магадгүй талаар мэдээлсэн билээ. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл дээрхээс арай өөр хуйвалдааныг зарим иргэд, Үндсэн хуулийн Цэц болон МАН-тай хамтран хийж эхэлсэн байж болзошгүй байна. Энэ хуйвалдааныг хэзээнээс эхлүүлсэн, ямар хүмүүс оролцож, ямар арга заль ашиглаж Үндсэн хуулийг өөрчлөхөөр зэхэж буй талаарх баримт бүхий мэдээллийг бид энэ удаа хүргэж байна.

-ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА ЭСЭХЭД ЦЭЦ ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖГҮЙ БОЛГОСОН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХААР ХАНДЖЭЭ-

“Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэх заалтыг өөрчлөх хуйвалдаан аль 2023 оноос эхэлсэн байж магадгүй байна. Учир нь 2023 оны 4 дүгээр сард иргэн С.Номынбаясгалан, мөн 2024 оны 1 дүгээр сард иргэн Э.Хишигсүрэн нар яг ижил утга санаа бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргасан байна.

Иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд 2023 онд гаргасан мэдээлэлдээ “Монгол Улсын Их Хурлаас 2022 оны наймдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад тус, тус “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад” гэсэн нэмэлт оруулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн үзэл баримтлал зэрэгт үл нийцсэн, харшилсан зөрчсөн эсэх асуудал нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхаар зохицуулсан байна.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” Үндсэн хуульд нийцэж, зөрчиж байгаа эсэхийг хянан шийдвэрлэхээр болсон нь түүний “Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтцэд нийцүүлэн Үндсэн хуулийн хуульт ёсыг хамгаалж, Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг тавих” онцгой бүрэн эрхийг хязгаарласан байна” гэжээ.

Тодруулбал түүний мэдээлэлд дурдагдаад буй Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх”-д хяналт тавина гэж 2022 оны наймдугаар сарын 24-ны өдөр УИХ өөрчлөлт оруулсан байна.

Товчхондоо, Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхэд хянан хэлэлцэх боломжгүй болгож “цоожилж өгсөн” гэсэн үг юм.

Улмаар С.Номынбаясгалан цэцэд гаргасан мэдээлэлдээ, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт үү эсвэл бусад хууль уу гэдгээс үл хамааран Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, түүнийг зөрчсөн тухай шийдвэр гаргах тухай бүрэн эрхийг үгүйсгэсэн, явцууруулсан гэж үзэж болохоор байна. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын “хууль” гэсний өмнө “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад гэж нэмсүгэй” гэсэн нь зөрчсөн байх тул хянан хэлэлцэж хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Харин иргэн Э.Хишигсүрэн Үндсэн хуулийн цэцэд 2024 онд гаргасан мэдээлэлдээ, “Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусад хууль”-ийг гэж 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн  хуулиар оруулсан нэмэлт мөн Монгол Улсын Их Хурлаас 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэхь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль” гэж 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан нь Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн зарчимд нийцэж буй эсэхэд хяналт тавих Цэцийн эрх хэмжээг хязгаарласан байх тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

-ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЦЭЦ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗАМААР ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ МЭДЭЛ ЦЭЦИЙН ЕСӨН ГИШҮҮНД ШИЛЖИХ ҮҮ-

Дээрх хоёр иргэний Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл нь ижил утгатай байх бөгөөд улмаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өөрчлүүлэх зорилготой байж болзошгүй байгаа юм.

Тодруулбал, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуульд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбоотой хэд, хэдэн заалтууд орсон. Тухайлбал, Үндсэн хуулийн 30.2-д “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байдаг.

Харин иргэн С.Номынбаясгалан болон Э.Хишигсүрэн нарын Цэцэд гаргасан мэдээлэл нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1-д орсон “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх”-д хяналт тавина гэсэн заалтыг хүчингүй болгох замаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өөрчлөх эрхийг Үндсэн хуулийн цэцэд өгч болзошгүй байгаа юм.

Учир нь тэрбээр Цэцэд гаргасан мэдээлэлдээ “Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн 66 угаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана. Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэжээ.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1 дэх заалтыг хүчингүй болгох замаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өөрчлөх замаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг өөрчилж одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг сонгуульд хоёр дахь удаа нь өрсөлдүүлэх байдлаар, эсвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох байдлаар бүрэн эрхийн хугацааг нь сунгаж өгөх зорилго нуугдаж байхыг үгүйсгэхгүй юм.

Үүнийг гүйцэлдүүлэхэд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллах байхад түүний Засгийн газрынх нь Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан одоогийн Үндсэн хуулийн Цэцийн одоогийн дарга Г.Баясгалан голлох үүрэгтэй оролцохоор гүйж эхэлсэн гэх мэдээлэл ч бий.  Угтаа бол Үндсэн хуулийг манаж байх хамгаалагч нь Үндсэн хуулийн цэц. Гэтэл энэ зарчим сүүлийн жилүүдэд алдагдаж, энд ажиллах гишүүдийг улс төрчдөөс томилж эргээд тэдэндээ захиалгаа өгч хүссэн шийдвэрээ гаргуулдаг болсон нь нууц биш. Түүний нэг жишээ нь энэ болж магадгүй байна.




Өнөөдөр хонь өдөр

5 цагийн өмнө