Дорнод аймаг, Баян-Уул сум, Өвөр-Эрээн багийн "Наянгаа" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 260 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/ “Онон” гол үерлэж, голын усанд 1 өрхийн 3 хүн боогдсон тухай дуудлагыг долдугаар сарын 29-ний өдрийн 11:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 60 зм замыг туулан 15:05 цагт очиход иргэн Г/65 настай, эрэгтэй/, Э/7 настай, эрэгтэй/, Э/4 настай, эмэгтэй/ нар голын усанд боогдсон байсныг аврах завь ашиглан аюулгүй газарт гаргаж, иргэн Б-ынд хүргэж өгчээ.
Мөн Төв аймаг, Баянжаргалан сум. Улаан-Ухаа багийн "Дунд гол" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ "Хэрлэн" голын салаанд нутаглаж байсан 7 өрхийн гэр голын усанд боогдсон тухай дуудлагыг долдугаар сарын 29-ний өдрийн 06:53 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 200 км замыг туулан 13:37 цагт очиход 3 өрхийн 13 хүн /5 том хүн, 8 хүүхэд/ "Хэрлэн" голын усанд боогдсон байсан тул аврах завь ашиглан 9 цаг 30 минут ажиллан иргэдийг аюулгүй газарт гаргажээ.