Г.Нямдорж: Гудамжинд зөрөхдөө зарим хүмүүс зодох гэж дайрдаг нь хамгийн хэцүү

Г.Нямдорж: Гудамжинд зөрөхдөө зарим хүмүүс зодох гэж дайрдаг нь хамгийн хэцүү

Хоронзон гишүүн болон түүний туслах Учрал нарын дүрээр олонд танигдаж, нийгэм болон улс төрд залуу хүмүүсийн үзэл бодол, байр суурийг түгээж, нийгмийн асуудлуудыг хөгжилтэй, хоржоонтой байдлаар шүүмжилж чаддаг залуус бол “Senso TV”-ийн хамт олон. Тэд нийгэмд үүссэн томоохон асуудлыг барьж аван, зоригтойгоор дуугарч чаддаг залуус билээ. Тэгвэл бид энэ удаа “Senso TV”-ийн залуу жүжигчин Г.Нямдоржийг "Social ID" буландаа урьж, түүний үзэл бодлоор дамжуулан залуусын өнөөгийн байр суурийг үзэгч, уншигч нартаа харуулахыг зорилоо.  

ВИДЕО: 

-Юун түрүүнд өөрийн чинь жүжигчин болох сонголт хийсэн тэр үеэс яриагаа эхэлье. Ер нь яагаад анх жүжигчин больё гэж шийдэв. Хэн нэгэн нөлөөлсөн үү?

-Манай ээж сэтгүүлч байсан. Гэхдээ дипломоо авч амжаагүй юм. Би ээжтэйгээ адил сэтгүүлч больё гэж бодсон. Гэтэл цагаа тулсан чинь сэтгүүлчийн мэргэжлээр ЭЕШ өгч чадахгүй болоод, сурч чадаагүй. Тэгээд би юу чадах бол гэж өөрөөсөө асуухад тухайн үед жүжигчин болж чадах юм шиг санагдсан. Сураад төгссөн ч гэсэн жинхэнэ жүжигчин болно гэдэг их хэцүү юм байна.

-Д.ДӨЛГӨӨН БИД ХОЁРЫГ МӨНГӨНӨӨС БОЛООД МАРГАЛДААД ЦУГ КОНТЕНТ ХИЙХЭЭ БОЛЬСОН ГЭЖ БОДДОГ ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ. ТИЙМ ЗҮЙЛ ОГТ БОЛООГҮЙ- 

-Senso анх Д.Дөлгөөн, Г.Нямдорж гэдэг хоёр хүнээр гарч ирж, олонд танигдсан шүү дээ. Та хоёрыг Хоронзон гишүүн болон Учрал гэх дүрээр нь хүмүүс их сайн мэдэх байх. Яагаад тус тусын замаа хөөх болсон бэ. Ямар нэгэн маргаан байсан уу?

-Манай Д.Дөлгөөн өөрөө хувьдаа энтертаймэнт байгуулаад, пэйж хөгжүүлээд явсан. Учир нь манай пэйжийг дан ганц би удирддаггүй. Зөвхөн урдаа гарч жүжиглэдэг гэсэн үг. Хүмүүс бид хоёрыг хэрэлдээд ч юм уу, мөнгө төгрөгнөөс болоод холдчихлоо гэж бодоод байх шиг байгаа юм. Тийм юм ерөөсөө байхгүй. Тухайн хувь хүний уран бүтээлийн эрх чөлөө гэдэг зүйл нь нөлөөлсөн байх. Манай Д.Дөлгөөн чинь найруулагчаар төгссөн. Гэтэл байнга хүний найруулганд орж тоглоод байхаар өөрөө найруулагч хүн учраас дотроос нь нэг зүйл хэлнэ шүү дээ. Тийм учраас өөрийнхөө хүссэн зүйлийг өөрийн хүчээр хийхийг хүсээд л явсан гэж боддог.

-НИЙГЭМД БАЙГАА ЭМГЭНЭМЭЭР ЗҮЙЛСИЙГ ХОШИН БАЙДЛААР ИРГЭДЭД ТАНИУЛАХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ-

-Ер нь яагаад энэ урсгалыг сонгосон юм бол. Ихэнх мэргэжлийн жүжигчид магадгүй театрт жүжигчин болохыг хүсдэг байх гэж боддог. Энэ урсгалыг сонгосон нь магадгүй олон нийт үүнийг л илүү үзэж байгаатай холбоотой юу?

-Нийгэмд эмгэнэмээр зүйл маш олон байна. Түүнийг нь инээдэм болгон хүргэж байгаа юм. Эмгэнэлт инээдэм урсгалаар явж байгаа гэх үү дээ. Гэхдээ бид чинь яг түүндээ хүрч чадаагүй л байна. Яаж хүрэх вэ дээ. Зүгээр л нийгмийн болж бүтэхгүй зүйлээр маазарч байгаа гэсэн үг.

-Сошиал орчинд контент хийж байгаа хүмүүст мэдээж ямар нэгэн байдлаар сөрөг сэтгэгдэл ирж байгаа байх. Энэ зүйл өөрийн чинь сэтгэл зүйд болон уран бүтээлд нөлөөлдөг үү?

-Бүр контент гэдгийг ч ойлгодоггүй хүмүүс олон байдаг юм байна лээ. Коментоор Хятадын хүүхэд гээд л орж ирнэ шүү дээ. Тэрнээс өмнө нь их цохилт авдаг байсан бол одоо ч нэг их тоохоо больж дээ. Одоо бол коментоо ч уншдаггүй. Хамгийн эвгүй юм нь гудманд явж байхад контентийнх нь дүрээр ч юм уу хараад, чиний улс төр хийнэ гэж юу байдаг юм гээд согтуу хүмүүс дайрах нь жаахан хэцүү байдаг. Бусдаар ч гайгүй дээ.

-НАМАЙГ НЭГДҮГЭЭР КУРСТ БАЙХ ҮЕД СУИС-ИЙН ДЭЭРЭЛХЭЛТ БАЙСАН- 

-Саяхан СУИС-ийн дээрэлхэлттэй холбоотой асуудал гарч, олны бухимдлыг төрүүллээ. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн хүний хувьд нэг зүйлийг асуумаар байгаа юм. СУИС-д үнэхээр тийм дарамт шахалт, дээрэлхэлт байдаг уу?

-СУИС-ийн дарамт яг манай үед бол байдаг байсан. Одоо тэр хүмүүс үзэж байгаа бол мэдэж л байгаа даа. Миний хэдэн найзууд нүүр лүүгээ өшиглүүлээд таван шүдээ унагаасныг, нэг найз маань цээж рүүгээ өшиглүүлээд цээжээ цөмлүүлээд хэвтэж байсныг, уруулаа сэтлүүлээд юм идэж чадахгүй соруулаар бантан халбагдаж өгч байсныг тэр хүмүүс санаж л байгаа. Манай үед СИУС-ийн дарамт байсан. Гэхдээ бид нар өөрсдөө болдоггүй байсан байхгүй юу.

Гол нь өмнө нь урлагт ах нь дүүгээ татах гэдэг нэг зүйл байсан. Ах нь дүүгээ татаж кино, жүжигт тоглуулдаг байсан. Тийм зүйл байсан учраас ах дүүгийн харилцаагаа үе үеээрээ алддаггүй байсан. Гэхдээ одоо алдагдаад эхэлчихсэн.

Учир нь жүжигчнээр сурсан ч сураагүй ч зүгээр нэг влог хөтлөөд амьдралаа болгочихдог залуучууд олон. Жүжигчнээр сурсан ч гэсэн мэргэжлийн байгууллагад ажиллахгүйгээр контент хийгээд, реклам маркетинг хийгээд амьдарч байгаа залуучууд ч байна. Яагаад ийм зүйл үүсээд байна гэхээр Монголд мэргэжлийн байгууллага, ажлын байр байхгүй байна л даа.

-Маш олон жүжигчид жил бүр их, дээд сургууль төгсөж байна. Жилд бараг 300 гаруй шинэ жүжигчид энэ салбарт төрөн гарч байна. Гэтэл Монгол гуравхан сая хүн амтай. Харьцангуй цөөн үзэгчтэй гэсэн үг л дээ. Энэ олон жүжигчид төрөн гарч байгааг залуу хүний хувьд юу гэж хардаг вэ. Монголд “жүжигчин” хэр ирээдүйтэй мэргэжил вэ?

-Одоо ерөөсөө нэг л зүйл нөлөөлдөг болчихсон. “Инсаграм чинь хэдэн дагагчтай вэ”. Тэр байхад л болдог болчихсон. Мэргэжлийн жүжигчин байх шаардлагагүй болчихсон. Учир нь арилжааны кино хийгээд байна шүү дээ. Хүнд хүрчихсэн хүнийг тоглуулбал тэр өөрөө маркетинг болно. Тийм болохоор олон дагагчтай хүмүүс л кинонд тоглодог болчхоод байна. Тэгэхээр бид кино урлагийнхаа салбараас ч ер нь жаахан алсуураар яваад байна л гэсэн үг. Би бол тэгж л боддог доо.

-Өөрийн чинь оюутан ахуй нас хэрхэн өнгөрөв? Эхнэртэйгээ оюутан байхдаа танилцаж байсан гэсэн. Тэр тухайгаа ярихгүй юу?

-Борчуудын хүүхдүүдэд төлбөр мөнгөний асуудал их хэцүү. Төлбөрийнхөө мөнгийг болгосон ч гэсэн хувцас, байрныхаа мөнгийг олох гээд урагшаа Хятад руу явж дуучин, бүжигчин хүртэл хийдэг байлаа. Барилга дээр хүртэл ажилладаг байсан. Ер нь юм юм л хийсэн дээ. Бас шинэ жилээр дуулж, хөтөлж халтуур их хийдэг байсан. Ар гэрээсээ аль болох татлаа авчихгүйхэн шиг түүгээрээ л хоол ундаа болгодог байсан даа. Өвөө эмээ дээрээ өссөн болохоор тэр хэдийнхээ тэтгэврийг үрээд байх хэцүү шүү дээ. Хамгийн гоё нь гуравдугаар курстээ эхнэртэйгээ оюутны байрандаа танилцаж байсан.

Эхнэртээ л их хайртай даа. Миний арыг бат даадаг. "Хүмүүс ойлгохгүй байж болно. Хэзээ нэгэн цагт үнэн байсан байна гэдгийг олгоно шүү дээ. Р.Чойномыг нас барсны дараа л түүний ном зарагддаг болсон шүү" гээд л манай эхнэр үргэлж миний ард намайг дэмжиж байдаг.

-Сонгууль болох гэж байна. Залуус ч үзэл бодлоо илэрхийлж, нийгмийн шүүмжийг их авч байх шиг байна. Өөрийг чинь бас МАН-д ажиллаад байна гэж зарим хүмүүс дургүйцэж л байх шиг байна. Ер нь сонгуульд ажиллаж байгаа юу. Залуус улс төртэй ойр байх нь хэр зөв гэж боддог вэ?

-Угаасаа нийгэмд цохилт болоод байгаа сэдвүүд явсаар байгаад л улс төр лүү орчхоод байна. Уг суурь, углуурга нь улс төрд л байгаа юм. Тэгэнгүүт өс хонзон гэдэг юм уу, хорсол гэх юм уу нэг зүйл дотроос төрөөд байгаа. Улс төрөөр ер нь оролдох л хэрэгтэй. Бид нар зүгээр хараад суугаад байж болохгүй. Сонгууль болж байна шүү дээ. Залуучууд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад мэдэгдэл хийж байна. Энэ ч зөв. Учир нь дандаа буруу хүмүүс мөнгөөр зодоод гарчихдаг. Зөв хүмүүс мөнгөгүй л юм байна лээ. Бид нарт өмнө нь зөндөө санал орж ирсэн. Дандаа л хэцүү хүмүүс байсан. Бид нар тийм хүмүүстээ ажилламааргүй байна шүү дээ. Ядаж зөв юм ярьж, дуугарах гээд байгаа хүмүүсийнхээ талд л ажиллахаа бодно. Дараа нь тэр хүн хэрвээ итгэл алдахгүй бол нэр цэвэр байхгүй юу.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.